Сэлэнгийн 14 сургууль тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 09:15:54

БСШУЯ болон Дэлхийн банкны “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн нэгжийн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулах баг үнэлгээ хийж Сэлэнгэ аймгаас 14 сургуулийн төслийг сонгож, дэмжлэг үзүүлэхээрболжээ.

Аймгийн БСГ-т нийт 25 сургууль төслийн санал ирүүлснийг хүлээн авч нягтлан үзээд төслийн нэгжид хүргүүлснээс 14-ыг нь сонгожээ.

Өмнөх жилүүдэд “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БСШУЯ, Дэлхийн банкнаас 10 сая төгрөгийн дэмжлэг авсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3, 4, Шаамар, Хөтөл, Дулаанхаан, Мандал сумын ЕББД 1-р сургуулиас бусад 26 сургуулийн хүрээнд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж бүрдсэн юм. 

Энэхүү төслүүд нь сургуулийн менежменттэй уялдуулж, хүүхдийн авьяас, хүсэл сонирхол, суралцах үйл ажиллагааны хүний нөөц, сургалтын орчин, материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулан 2000-3000 доллар буюу нийт 82239600 төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа юм. Төслийн санал ирүүлэхэд сургуулийн удирдлагууд идэвх зүтгэл гаргаснаар бусад аймгууддтай харьцуулахад Сэлэнгэ аймаг хамгийн олон төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн санхүүжилт 2016 оны 01 дүгээр сарын 30-аас эхлэн 6-р сарын 30–ыг хүртэл үргэлжлэх аж.

Төслийн хүрээнд сургууль бүр өөр өөр үйл ажиллагаа явуулахаас гадна Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 6375 сурагч энэхүү төслийн үр шимийг хүртэх юм байна. Хэдхэн хоногийн өмнө дээрх сонгогдсон сургуулийн захирлууд Улаанбаатар хотноо сургалтад сууж, төсөл хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурж, батламжаа гардан авсан юм. Батламж гардан авсан сургуулиуд дараагийн үйл ажиллагаандаа ороод байна.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news