Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-14 21:23:44

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Засгийн газраас энэ сарын 8-нд нэн яаралтай хэлэлцэх дэгээр өргөн мэдүүлсэн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, НББСШУ-ны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар танилцуулав.

Ирээдүйн тэтгэврийн зардлын өсөлттэй холбоотой улсын төсөвт үүсэх ачааллын дарамтад одооноос бэлтгэх, тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих зэрэг зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан. Иргэдийн хүлээж байгаачлан хэрэв уг хууль батлагдаж тэтгэврийн нөөц санг байгуулан, нэрийн дансны тодорхой хэсгийг хөрөнгөжүүлснээр хуримтлалтай болж, уг хуримтлалаа барьцаалан орон сууцны зээл авах, зорилтот бүлгийн иргэд орон сууцны хөнгөлөлт хүртэх зэрэг боломж нээгдэх юм.

Өөрөөр хэлбэл тодорхой шаардлага, шалгуур нөхцөл хангасан иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой болох юм. Нөгөө талаас иргэдийн орон сууцны ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлж, 17 мянга гаруй өрхийг ипотекийн зээлд хамруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бизнесийн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тогтвортой ажлын байр, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тус Сангийн хөрөнгө орлогын эх үүсвэр Монголбанкнаас шилжүүлэх 1.8 их наяд төгрөгийн бондоос бүрдэх бөгөөд өмнөх хугацаанд олгосон 650 тэрбум төгрөгийн актив хөрөнгө мөн шилжих аж.

Хэлэлцүүлгийн үеэр уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд олон асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал С.Ганбаатар гишүүн 2016 оны байдлаар нэрийн дансанд бүртгэгдсэн хичнээн төгрөг байгаа болон үүнээс мөнгөжсөн хэд, бичилт хэлбэртэй хичнээн төгрөг байгааг асууж байв. Үүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын сан, түүний дотор тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансанд авах бичилтээр 10 гаруй их наяд төгрөгийн бичилт хийсэн байгаа. Энэ бичилт сар, улирлаар нэмэгдэж байдаг байнгын хөдөлгөөнтэй бичилт. Үүн дээр ажил олгогчдын болоод, Засгийн газрын хувь, даатгалд шимтгэл төлж байгаа даатгуулагчдын гэсэн ялгавартай бичвэр хийгддэггүй. Шууд нийт авлага, өглөгөөр бичилт хийгддэг учир нарийн ялгааг одоо хэлэх боломжгүй. Шаардлагатай бол Мэдээлэл тооцооллын төвөөс нарийн судалгаа гаргаж бичгээр хүргүүлэх боломжтой” гэв.

Үүнээс гадна гишүүд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэний дараа мэргэжлийн байнгын хороодоос санал, дүгнэлтийг нь авч хамтарч ажиллан асуудлыг шийдэх боломжтой гэсэн санал хэлж, хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Гишүүд асуулт асууж үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжив. Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Эдийн засаг, Төсвийн байнгын хороодод шилжүүллээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар гишүүдийн саналыг үндэслэн УИХ-ын Мишигийн Сономпилийг томилж, байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ж.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Н.Гантуяа

Related news