БХЯ, Францын батлан хамгаалах салбарын форум болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-14 11:08:03

Монгол Улсын Батлан хамгаалах яам, манай улсад суугаа Францын Элчин сайдын яам болон Франц Улсын Батлан хамгаалах яамны харъяа Зэвсэглэлийн ерөнхий удирдах газар хамтран “Францын Батлан хамгаалах аж үйлдвэрийн хоёрдугаар үзэсгэлэн-семинар”-ыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Энэ үзэсгэлэн-семинарыг Монгол Улс, Бүгд найрамдах Франц Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. 2014 онд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Франц Улсын Батлан хамгаалахын яам хоорондын техникийн тохиролцоо”-г байгуулж, БНФУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэрийн компаниудын семинарыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулжээ. хоёр дахь  үзэсгэлэн-семинарт Монгол Улсын Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Зам тээврийн яам, Эрүүл мэнд, спортын яам болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 80 гаруй төлөөлөгч, Франц Улсын 15 компанийн 20 гаруй төлөөлөгч оролцож байна. Жил ирэх тутам оролцогчдын тоо нэмэгдсэн нь үзэсгэлэн семинарын далайц, цар хүрээг тодотгож байгаагаас гадна хоёр орны харилцаа хамтын ажиллагааны цаашдын боломжуудыг бий болгож байгаагаараа онцлог юм. Форумын нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Франц улсаас манай улсад суух Элчин сайд, хатагтай Элизабэт Барсак нарын удирдлагууд оролцож үг хэлэв. Монгол Улсын Батлан хамгаалах салбар техник технологийн шинэчлэлд цөөн тооны орноос хамааралгүй байж, өөр өөр улсын технологитой танилцаж, тэдгээрийг хэрэглээнд нэвтрүүлэх бодлогыг барьж ажиллаж байгааг салбарын сайд онцолсон. Тэрээр цаашид хэлэхдээ нисэх, агаарын довтолгооноос хамгаалах, инженерийн чиглэлд болон Франц Улсын аж үйлдвэрийн компани, байгууллагуудын шинэ техник технологи болон Франц Улсын батлан хамгаалах салбарын өндөр технологийн талаар энэ форумаар туршлага солилцох боломж бүрдсэнийг талууд тодотгосон юм. Форум маргааш үргэлжилнэ.

Ж.Батсайхан

Related news