Энэ сарын 15-наас хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-13 14:01:31

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээгээр энэ сарын 15 буюу баасан гарагаас хүйтний эрч чангарч, нутгийн зарим хэсэгт 43-48 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Энэ сарын 14-нд баруун зүгийн нутгаар, 15-16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-наас хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна гэж мэдээлж байна.

Хүйтний эрч энэ сарын 21, 22-нд бага зэрэг сулрах ч сарын сүүлчээр ихэнх нутгаар дахин чангарч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулж байна.

Гадаргын усны хувьд нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх дунд ба түүнээс дооших эрэмбийн гол ёроолдоо хүртэл хөлдсөн бол томоохон голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-45 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч байгаа  хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгойлон анхааруулж байна.

Н.Туяа

Related news