“Барилгын салбарын хөгжил ба ипотекийн зээлийн үүрэг” сэдвээр танилцуулга хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-12 08:54:54

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд “Барилгын салбарын хөгжил ба ипотекийн зээлийн үүрэг” сэдвээр өчигдөр Барилгын политехникийн коллежийн багш, оюутнуудад танилцуулга хийв. 

Танилцуулгын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс үүдэн 12 дугаар сараас ипотекийн зээл олголт зогссон. Үүний гол хохирогчид нь орон сууцны зээл авахаар төлөвлөж байсан иргэд төдийгүй барилгын салбар, энэ салбарт ажил эрхлэхээр бэлтгэгдэж буй оюутнууд та бүхэн. Ипотек бол нэг иргэн урт хугацаанд зээл авч, тодорхой хугацаанд бага хэмжээгээр төлбөрөө барагдуулсаар эцэст нь хөрөнгөтэй  болж үлддэг санхүүгийн тогтолцоо юм. Энэ тогтолцооны цаана маш олон хүнийг ажилтай болгодог механизм байдаг. Барилга угсралт, барилгын материалын үйлдвэр, тавилгын үйлдвэрт ажилладаг, дотор засал чимэглэл хийдэг олон зуун мянган хүн ажлын байртай, орлогтой байдаг.
8 хувийн хүүтэй орон сууцны зээл олголт зогссон нь Барилгын политехникийн коллежид суралцаж буй оюутнууд та бүхэн сургуулиа төгсөөд ажилтай байх эсэх асуудалтай шууд холбогдох юм. Төгсөгчид нь хамгийн их ажлын байртай болдог салбар бол барилгын салбар, 100 төгсөгчийн 66 нь ажилд ордог. Өөр ямар ч салбарт ийм үзүүлэлт гарахгүй. Энэ үзүүлэлт 3 жилийн өмнө эхэлсэн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл аль салбарт хамгийн их өгөөжөө өгсөн болохыг харуулж байгаа юм гэв. 
Монгол Улс 1921-1990 он буюу 69 жилийн хугацаанд 100,000 өрх орон сууцанд орсон байна. 2008 онд барилгын салбарт 50,000 хүн ажиллаж байв. 2000-2012 онд ипотекийн зээлд 5000 айл хамрагдан, жилийн 20 хувийн хүү төлдөг байсан. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд жилд дунджаар 25,000 орон сууц шинээр ашиглалтад орж, 96,000 хүн энэ салбарт ажиллаж байна. 2013-2015 онд жил бүр дунджаар 1322 мянган м2 орон сууц шинээр ашиглалтад орж, үүнийг 76,000 өрхөд ипотекийн зээлийн хэлбэрээр олгочихсон байна. Энэ эрчээр явах юм бол 70 жилийн хугацаанд барьсан орон сууцны бүтээн байгуулалтыг 4 жилд хийх, энэ хэрээрээ 96,000 хүний ажлын байрыг бий болгож, цалинтай болгож байна. 
Энэ бүхнээс харахад өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засгийн үр ашгаараа барилгын салбар уул уурхайн салбарыг орлох хэмжээнд эрчимжсэн. Үүнээс үүдэн хөдөлмөрийн зах зээл дэх барилгын салбарын мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдсэн байх. Эдийн засаг талаас нь харах юм бол барилгын салбарын үйлдвэрлэлийн зардал буурч байна. Түүнчлэн барилгын салбарын үйлдвэрлэлд эерэг нөлөө үзүүлж, 865 аж ахуйн нэгжийн 945 үйлдвэр 79 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Чингис бондын хөрөнгө оруулалтын үр дүнг мөн энэ салбарын өсөлт, үр ашгаас харж болно. Барилгын салбарт өнөөдрийн байдлаар 95,695 ажлын байр бий. Цаашид барилгын салбарт ажиллахаар нийт 12,108 суралцагч сурч байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд барилгын нарийн мэргэжил эзэмшсэн 4,777 төгсөгчийн 68 хувь нь ажлын байртай болсон байна. 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох бодлогыг хэрэгжүүлж, дэмжиж байгаагийн бодит үр ашиг нь энэ хэмээн Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр онцоллоо. 
Түүнчлэн ипотекийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Барилгын политехникийн коллежийн багш, оюутнуудын тодруулсны дагуу ипотекийн зээл зогссон шалтгааныг тайлбарлан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлж, харилцан ярилцав. 
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мөн тус арга хэмжээнд оролцсон юм. Тэрээр, Улсын Их Хурлын хэлэлцэж буй Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулсан юм. Энэ хүрээнд хөдөлмөр, бүтээлийн үр шимээ сургуулийн орчин болон дадлагын орчноосоо мэдэрч улмаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо хувь хүртдэг болох, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор ажил мэргэжлийн стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөх, хяналт тавих, чанарын үнэлгээний тогтолцоо, хөндлөнгийн үнэлгээг буй болгох, иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулдаг болсноор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчид, иргэдийг ажлын байртай холбох боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн МСҮТ-ийн суралцагчид их, дээд сургуульд шилжин суралцах, их дээд сургуульд суралцаж буй оюутнууд МСҮТ-д шилжин суралцах эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа онцлогтой гэдгийг Хөдөлмөрийн сайд онцлон танилцуулсан юм. 
“Барилгын салбарын хөгжил ба ипотекийн зээлийн үүрэг” сэдвээр Барилгын политехникийн коллежийн багш, оюутнуудад танилцуулга хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт, Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо, Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс байлцав  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 

Related news