Сүхбаатар аймгийн зургаан суманд өвөлжилт хүндэрч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 11:04:23

Сүхбаатар аймгийн Онцгой комиссын гишүүдээр ахлуулсан дөрвөн ажлын хэсэг сумдад  ажиллаж  өвөлжилтийн байдалтай танилцсан дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцжээ. 

Тус аймагт өнгөрсөн оны  10 дугаар сараас хойш   нийтдээ 20  орчим удаа цас орж,  нутаг бэлчээрийн 80 орчим хувь нь цагаан зудын хэмжээнд хүрсэн бөгөөд Баяндэлгэр, Түвшинширээ, Мөнххаан, Уулбаян, Асгат, Эрдэнэцагаан сумын нутагт  мал өвөлжилт хүндэрч эхэлсэн байна. Отор нүүдэлтэй сумдад  хүн эмнэлгээс алсын дуудлагаар авахад бензин шатахууны хүрэлцээ хангалтгүй,  өвс тэжээлийн нөөц багасч, цас хөрлөж хатуурсанаас малын хөл халцрах явдал гарч  байна.

Аймгийн засаг даргын зөвлөлөөс сумдыг өвс тэжээлийн нөөцтэй болгох, хүн эмнэлгийн түргэн тусламжийн тэрэгний асуудлыг судалж шийдэх, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, бензин шатахуун, гэрэл цахилгаанаар тасалдуулахгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.   

Г.Сүхээ

Related news