Гаднаас согтууруулах ундаа оруулахыг оролдох зөрчил ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 22:22:37

Гааль, татварын байгууллагуудыг нэгтгэн шинэчлэх ажил орон нутагт шинэ журмын дагуу зохицуулагдаж эхлэв.

Тус аймгийн гүний гаалийн газрын дарга Е.Зангар энэ тухай өгсөн тайлбартаа,  -Татвар, орлогын чиглэлийн энэ хоёр байгууллага нэгдмэл үйл ажиллагаатай болж байна. Байр, орон тооны асуудал өөрчлөгдөөгүй хэвээрээ байна. Өнгөрсөн жил манай гаалийнхан үүргээ хангалттай биелүүлсэн. Өршөөлийн хуулийн дагуу голцуу мотоцикл 15300 ам. долларын техникийг хуульчлан, 12 авто хөсгийг баталгаажууллаа. Энэ ажилд Булган сумынхан идвэхтэй оролцон 35 мотоциклийн бичиг баримтыг бэлдлээ. Манай аймаг дахь нэгэн бэрхшээлтэй зүйл бол 2009 оноос Казахстан руу гарсан мөртлөө эргээд орж ирээгүй 3000 орчим авто машин юм. 2013, 2014 онд гэхэд 900 гаруй машин гарсан. Тэднийг гаргаж өгсөн манай иргэд уг зөрчлөө залруулаагүй нөхцөлд татварын ихээхэн өрөнд дарагдана. Нөгөө талаар ОХБНУ руу визгүй нэвтрэх болсон нь зорчигчдын тоо нэмэгдэн харилцаа өргөжсөн эерэг талтай ч зөрчлийн тоо эрс өссөн. Голцуу зөвшөөрөлгүй архи, шар айраг оруулж ирэх явдал. Өнгөрсөн онд ийм зөрчил 165 удаа гарч 15 сая төгрөгийн эдийг хураан, зургаан сая төгрөгийн торгууль тавигдсан. Иймд дотоодод ч байгаа архийг гаднаас зөөхөө болиоч гэж хэлмээр байна. Харин ноднин ууттай цементэн дотор сум оруулж ирсэн хэргийг тагнуулын байгууллага илрүүлсэн, шалгаж байгаа. Бид 2016 онд Өлгий, Казахстаны хоорондын нислэгийг сэргээх, Даянгийн боомтыг олон улсын эрх хэмжээтэй болгох зорилт тавьж байна гэж ярилаа.

 Ш.Айзаря

Related news