“Google Translate” Лавровын нэрийг "гунигтай жижиг морь" гэж орчуулж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-01-08 09:57:29

ВАШИНГТОН. /ВВС/. “Google Translate” орчуулагч программ нь ОХУ-ын нэрийг “Mordor” гэж алдаатай орчуулж байсныг  "Google" засчээ.

“Mordor” гэдэг нь Жон Роналд Роиэл Толкины бичсэн “Бөгжний эзэн” номд гардаг “Сүүдрийн орон” бүс нутгийн нэр ажээ.

Үүнээс гадна, “оросууд” гэдэг үгийг “эзлэн түрэмгийлэгчид”, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын нэрийг “гунигтай жижиг морь” гэж алдаатай орчуулж байсныг "Google" зассан байна.

Украин хэлнээс орос руу орчуулга хийхэд “Google Translate”-д автоматаар алдаа зааж байсан гэж тус компани мэдэгджээ.

2014 онд ОХУ Крымыг өөртөө нэгтгэсний дараа украинчууд дээр дурдсан хэллэгүүдийг ашиглаж байжээ. Алдаатай орчуулгын зургийг авч, цахим хуудсуудад нийтэлсэн байна.

Д.Нямтулга

Related news