АНУ: Ирак, Сирид 2500 босогчийг устгасан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-07 12:27:23

ВАШИНГТОН. /Anadolu/. Өнгөрсөн сард Ирак, Сирид 2500 босогчийг устгасан гэж “Лалын улс”-тай тэмцэж буй АНУ тэргүүтэй эвслийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Устгасан босогчдынхоо тоог мэдээлэхээс Пентагон зайлсхийсээр ирсэн боловч хурандаа Стив Уоррен ажиллагааныхаа талаар тоо, баримт дэлгэжээ.

“Ирак, Сирид эвслийн явуулсан агаарын цохилтын үеэр бид 12 дугаар сард 2500 босогчийг устгасан” хэмээн Пентагонд болсон видео бага хурлын үеэр Багдадад байрлаж буй Уоррен сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

АНУ тэргүүтэй эвсэл 2014 оны 8 дугаар сард ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш “Лалын улс” 22 мянган км хавтгай дөрвөлжин буюу Ирак дахь газар нутгийнхаа 40 орчим хувийг, 2 мянган км хавтгай дөрвөлжин буюу Сири дэх газар нутгийнхаа 10 орчим хувийг алдсан гэж тэрбээр нэмж хэлэв.

Х.Аминаа

 

Related news