2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17500 ам.долларт хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-05 12:46:52

Монгол Улсын 2016-2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын бодлогын баримт бичгийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхолдод өргөн мэдүүлсэн. Уг бодлогын баримт бичгийн талаар УИХ-ын хэсэг гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн А.Бакей хэлэхдээ энэхүү бодлогын баримт бичгийг бүх, нам эвслийн бүлэг болон бие даагчдын төлөөлөл хамтран боловсруулсан гэдгийг онцолсон. Тэрбээр цааш нь, "Баримт бичгийн гол зорилго бол монгол хүний амьдрах орчныг сайжруулах, баталгаат хүнсээр хангах, ажлын байртай, орлоготой, чинээлэг нийгмийн давхарга бүхий иргэдтэй улс орон болоход чиглэсэн. Өмнөх бодлогын баримт бичигтэй харьцуулахад товч бөгөөд тодорхой, салбар бүрт хамгийн гол гэсэн асуудлыг тусгаж өгсөн. Жишээлбэл, 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17500 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар 6,6 хувиас бууруулахгүй байх, бизнес эрхлэлтийн орчноор дэлхийд эхний 40-д багтах, нийт нутаг дэвсгэрийн 78 хувь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд автсан үзүүлэлтийг 68 хувь хүртэл бууруулах, шатахууны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах гэх мэт асуудлыг тусгасан байгаа. Бид ямарваа нэг зорилт дэвшүүлж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа бөөн жагсаалт бичдэг байсан. Харин энэ удаа зөвхөн зорилтын жагсаалт бус илүү бодитой зорилт дэвшүүлэх, тэр зорилтынх нь хэмжүүр шалгуур үзүүлэлтүүд нь тодорхой байх гэсэн зарчмыг баримталж боловсрууллаа" гэсэн юм.
Манай улс Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг 2008 онд УИХ-аар баталсан. Энэ бодлогын баримт бичгийн эхний үе шат нь 2015 онд хэрэгжиж дууссан. Гэвч хэрэгжилт нь 40 орчим хувьтай буюу хангалтгүй гэсэн дүн гарсан юм. Учир нь нэг талаас төрийн бодлогын залгамж чанар хангагдаагүй, ээлжит улс төрийн сонгуулийн дараа засгийн эрхэнд гарсан намууд тэр бодлогын баримт бичгийг баримтлахгүй байсан. Нөгөө талаар угаасаа тэр бодлогын баримт бичиг нь зорилтуудын жагсаалт байсан нь хэрэгжилт хангалтгүй гэх үнэлгээ гарахад нөлөөлсөн аж.

Эдгээр дутагдлыг арилгахын тулд УИХ өнгөрсөн оны сүүлчээр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталсан.Сонгуульд оролцож байгаа аливаа улстөрийн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баримтлах ёстой болж байна. Хэрвээ баримталж боловсруулаагүй бол тухайн намын мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзах хууль эрх зүйн орчин бүрдүүлжээ. Энэ бодлогын баримт бичгийг 2016 онд сонгууль болох гэж байгаатай холбогдуулан боломжит богино хугацаанд батлах шаардлагатай байгаа гэнэ.

Б.Туул

Related news