Афганистан, Пакистаны аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-28 12:08:19

МОСКВА./RIA Novosti/. Пакистаны хуурай замын цэргийн штабын дарга Рахил Шариф, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани нар аюулгүй байдал болон терроризмтой тэмцэх асуудлыг хэлэлцэхээр ням гарагт Кабул хотод уулзжээ.

Талууд мөн аядуу үзэлт талибуудтай энхийн хэлэлцээгээ сэргээх боломжийг хэлэлцсэн тухай Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганигийн төлөөлөгчид мэдээлсэн байна.

Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчидтэй эрх баригчдын хийж байсан энхийн хэлэлцээ долдугаар сарын сүүлээр тус бүлэглэлийн толгойлогч Мулла Омар амиа алдсаныг талибууд нотолсны дараа тасалдсан юм.

“Хэлэлцээ хийхэд бэлэн бөгөөд түр эвлэрч, террорист ажиллагаа болон хүчирхийлэлд татагдан орсон бүлэглэлүүдийг эсэргүүцэгч талибуудтай энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хоёр тал хоёул зөвшөөрсөн” гэж Афганистаны Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгджээ.

Хэлэлцээ ирэх сард эхэлж магадгүй байна.

Д.Жаргал

 

Related news