Хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох программ санаачлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 15:59:54

Дорнод аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс “Хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох программ”-ыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь үндэсний хэмжээнд анхных болж сайн туршлага болж чаджээ.

Ингэснээр хүүхдүүдийн аж байдлын 76 төрлийн мэдээллийг боловсруулж, бүртгэл мэдээллийн санд байршуулснаар судалгаа мэдээлэлд суурилсан бодлого төлөвлөлтийг хийх, хүүхдэд учрах эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, тэднийг хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Мөн аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Хүүхдийн төлөө хариуцлагатай түншлэл” хөдөлгөөнийг Засаг даргын дэргэдэх агентлаг, сургууль, цэцэрлэг, аж ахуй нэгж 100 гаруй байгууллагын дунд өрнүүлэв. Энэ ажлыг зохион байгуулснаар хүүхэд хамгааллын бодлогыг шат шатанд хэрэгжүүлж эхэлснээр хүүхдийн эсрэг зүй бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжийг орон нутагт бүрдүүлж чадлаа.

Дорнод аймаг өөрсдийн хөрөнгөөр Хохирогчийг хамгаалах байр, Залуучуудын хөгжлийн төвийг байгуулснаар хүүхэд, залуус, эмэгтэйчүүдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, амьдрах ухаанд суралцах, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байна.

Б.Туяа

Related news