МХГ-аас сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 11:15:49

Шинэ жилийн баяр болж байгаатай холбоотойгоор төвлөрсөн зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд хүнсний эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хадгалалтын хугацаа дууссан, ямар үйлдвэр, цехэд хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус хүнсний бүтээгдэхүүн ихээр худалдаалагдаж байгааг албаныхан мэдээллээ.

Тиймээс нийт иргэдийг хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний чанар, хадгалалтын хугацааг сайтар шалгаж худалдан авалт хийж байхыг аймгийн МХГ-аас анхааруулж байна. Ялангуяа бялуу, зайрмаг болон төрөл бүрийн ногооны салат, өндөг, хиам, нөөшилсөн бүтээгдэхүүн, төрөл бүрийн жимс, архи согтууруулах ундаа, бэлгийн цуглуулга зэрэг бүтээгдэхүүнд онцгойлон хариуцлагатай хандахыг хэллээ.

Мөн хэрэглэгчид чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ажил үйлчилгээнээс татгалзаж, иргэдийн эрх ашгийг зөрчсөн чанаргүй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний талаарх мэдээллийг аймгийн МХГ-ын 70440000 шуурхай утсанд мэдээлэхийг зөвлөж байна.

Б.Мөнхзул

Related news