Дэд хурандаа Л.Ганчимэг Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн удирдах газарт зочилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-22 15:34:08

ХОНОЛУЛУ. /Dvidshub/. Монголын Зэвсэгт хүчний Жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Ганчимэг Хавай арлын нийслэл Охай хот дахь АНУ-ын Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн удирдах газрын Цэргийн эрүүл мэндийн бэлэн байдлын газарт зочилжээ.

Энэтхэг-Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн байдлыг сайжруулахын тулд эмнэлгийн технологи, туршлага солилцох, эрүүл мэндийн дипломат ажиллагаанд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг командын үйл ажиллагаатай Л.Ганчимэг танилцсан байна.

Цэргийн удирдах албан тушаалыг эмэгтэйчүүд хашиж байсан арвин  туршлага Монголын цэргийн түүхэнд байдаг. Эрт цагт Чингис хаан өөрийн охиноо цэргийн генералаар томилж байсан бөгөөд зарим эмэгтэй Монголын хотын захирагчаар ажиллаж байжээ.

Өнөөдөр 25 мянга орчим албан хаагчтай Монголын Зэвсэгт хүчинд дэд хурандаа цолтой 20-хон эмэгтэй байна.  Үүнээс дээш цолтой эмэгтэй байхгүй.

Тун удахгүй Л.Ганчимэгийн цол ахиж хурандаа болох ажээ. Ингэснээр тэрбээр Монголын Зэвсэгт хүчин дэх хамгийн өндөр цолтой эмэгтэй албан хаагч болох юм.

Тэрбээр Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн удирдах газарт зочлох үеэрээ Командын багынхан, бригадын генерал Патрик Саржент, ахлах түрүүч Роберт Лучано нартай уулзаж, тус байгууллагын эмнэлгийн тусламж үзүүлэх арга барил болон эрүүл мэндийн найдвартай үйлчилгээ үзүүлэх цэргийн анагаах ухааны философитой танилцсан байна.

Д.Нямтулга

 

Related news