Говь-Алтайд дэд бүтцийн салбарт багагүй ажил хийгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 13:21:25

Говь-Алтай аймагт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна. Энэ онд Алтай-Баянхонгор, Алтай-Ховдын Дарив чиглэлийн замуудыг аймгаасаа эхлүүлж, аймгийн төв Есөнбулаг сумын Баянхайрхан багт баригдах “Солонго” хорооллын 3.8 км авто замыг явган хүний болон дугуйн замын хамт гүйцэтгэсэн байна. 

Мөн эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлжээ. Уг хороолол баригдсанаар 3500 өрх орчин үеийн орон сууцанд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх ажээ. Мөн 941 м² явган хүний болон дугуйн зам, 3 дугаар цэцэрлэгийн 1200 м2 талбай бүхий авто машины зогсоолыг шинээр байгуулж, хатуу хучилттай авто замд 541.6 м2 нөхөөс, засварын ажлыг хийж гүйцэтгэжээ. Алтай хотын 1985 оноос хойш засвар шинэчлэлт хийгдээгүй, ашиглалтын хугацаа дууссан цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, хуваарилах байгууламжийг шинэчилсэн байна. Халиун-Цээл, Төгрөг-Бугат сум чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын угсралтын ажлыг улсын төсвийн 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгүүлж, Бугат, Цээл сумдыг цахилгаан эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болгож, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 100.0 сая төгрөгийн санхүүжилтээр Алтай сумын нарны станцыг өргөтгөсөн байна.

                                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Related news