Сэлэнгэ аймаг манлайлагч залуусаа алдаршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:30:08

Салбартаа манлайлагч, амжилт, үйлс бүтээлээрээ онцгойрон шалгарсан оны шилдэг залуусыг алдаршуулах шинэ жилийн баярын цэнгүүн амжилттай зохион байгуулагдлаа.

Сэлэнгэ аймгийн орон нутгийн залуус хөгжлийн явцад түүчээлэн оролцох, ирээдүйнхээ төлөө бүтээлчээр ажиллаж амьдрах, амжилтад хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, мөн тэднийг чадавхжуулахад чиглэсэн “Youtn Selenge Leaders Award–2015” арга хэмжээ энэ сарын 5-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн 17 сумдаас шилдэг тэргүүний 500 залуучууд оролцсон байна. Эдгээр шилдэг залуусыг ”Сэлэнгэ аймгийн шилдэг залуус” сургалтад хамруулахын зэрэгцээ Сэлэнгэ аймагтаа тогтвор суурьшилтай амьдарч, ажил бүтээлээр онцгойрч яваа шилдэг залуусаа  10 номинацаар шалгаруулжээ.

Ингээд шилдэг баялаг бүтээгчээр Мандал сумын харьяат “Зүүн Хараа” Кашмерыг үүсгэн байгуулагч н.Нарангарав, оны шилдэг төрийн түшээгээр Баянгол сумын цэцэрлэгийн эрхлэгч н.Орхонцэцэг, оны шилдэг инноватор залуугаар Сайхан сумын харьяат биологийн ухааны доктор н.Сувдмаа, оны шилдэг тамирчнаар Жавхлант сумын харьяат Монгол улсын харцага Д.Одгэрэл, оны шилдэг малчин Сант сумын харьяат, аймгийн алдарт уяач н.Балжинням, оны шилдэг тариаланч залуугаар Цагааннуур сумын харьяат “Гацуурт” компанийн трактор комбайны оператор, механикжуулагч н.Амарсанаа, оны шилдэг уран бүтээлч залуугаар Шаамар сумын уугуул ДБЭТ-ийн дуучин н.Наранбаатар, оны шилдэг боловсролын салбарын залуугаар Мандал сумын уугуул МУИС-ын сургалтын нэгдсэн албаны дарга, эдийн засгийн ухааны доктор профессор н.Ундрам, Эрүүл мэндийн салбарын тэргүүнээр Сүхбаатар сумын харьяат,  хүний их эмч н.Бүрэнжаргал, оны шилдэг сайн үйлсийн эзнээр Ерөө сумын Бугант тосгоны уугуул, улс төр судлалын магистр НҮБ-ын хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч н.н.Сарантуяа нар тус тус шалгарчээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news