УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслүүд өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-18 17:00:03

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өргөн барив.

Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, цэцийн гишүүний төвийг   сахих   байр   суурь,  эрх тэгш   байдал,   тэтгэвэрт   гарах   үндэслэл,  цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг  зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Үндсэн   хуулийн   цэцэд   маргаан   хянан   шийдвэрлэх   ажиллагааны   тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 3 зүйлтэй юм байна. Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхийг баталгаажуулах зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг Үндсэн хуультай нийцүүлэн засаж, зөвлөлдөх тасалгаанд олонхтой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, цэцийн шийдвэрт хавсаргах эрхтэй байх, маргагч тал хүсвэл цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дуу, дүрс, цахим хэлбэрээр гарган өгөх, цэцийн төвийг сахих зарчмыг хангах үүднээс цэцийн гишүүн татгалзан гарах үндэслэлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт зөрчсөн гэх үндэслэл зэргийг нэмж, хуралдааны явцад цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй талаарх хориглолтыг бий болгох юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Related news