Багш нар БНХАУ-д аялж туршлага солилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 15:23:28

Сургуулийн өмнөх боловсрол, суурь боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан Архангай аймгийн ЕБС-ийн захирлууд, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид өмнөд хөршид туршлага судлах айлчлал хийгээд ирлээ гэж БСГ-ын мэргэжилтэн Н.Төвшинзаяа мэдээллээ.

Өнгөрсөн сарын 19-27-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх, Баяннуур, Бугат хотоор 18 цэцэрлэгийн багш нар аялжээ. Хөх хотын Хянган замын үндэсний бага сургууль, Сайхан дүүргийн монгол цэцэрлэг, Шинэ хот дүүргийн цэцэрлэг, Мэнню корпораци, Бугат хотын хот төлөвлөлтийн ордон, Умардын хүнд аж үйлдвэрийн корпороци, Сайхан тал парк зэрэг боловсролын болон бүтээн байгуулалтын газруудаар айлчилж, ажил байдалтай нь танилцжээ. Айлчлалын хүрээнд хятад монгол залуу багш нарын уулзалтыг зохион байгуулж, харилцан туршлагаа солилцсон байна. Мөн харилцан багш солилцож туршлага судлах талаар тодорхой тохиролцоонд хүрч чаджээ. Тус айлчлалыг Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс зохион байгуулжээ.
Харин өнгөрсөн сарын 30-аас 12 дугаар сарын 4-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод Архангай аймгийн ЕБС-иудын захирлууд ажил хэргийн айлчлал хийжээ. 
Тус айлчлалын хүрээнд Хайлаар хотын хүүхдийн үндэсний цэцэрлэг, Амгалан бага сургууль, Хөлөн буйр хотын бага дунд сургуулиудаар айлчилж ажил байдалтай нь танилцан туршлага судалжээ.   

Архангай аймаг Л.Булган   

 

 

Related news