Говь-Алтайн есөн гайхамшиг-Гэгээн нуурын цогцолбор

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 14:34:44

Говь-Алтай аймагт байгаль эхийн өвөрмөц бүрдэл, түүх соёлын үнэт ховор дурсгалууд, ихэс дээдсийн улбаа нүүдэлчин ахуй соёл, ёс заншил нь бидний үнэт өв бөгөөд Цаст богд Сутай хайрхан уул, Хасагт хайрхан, Бурхан буудай, Ээж хайрхан уул,  үзэсгэлэнт Эрээн нуур, дэлхийд ганцхан бөхөнгийн байршил нутаг Шаргын говь,  мазаалай, хавтгай, тахийн  өлгий нутаг Говийн их дархан цаазат газар, байгалийн бүс бүслүүрүүдийг нэгэн зэрэг цогцлоосон Монгол Алтайн их уулс Хантайшир, Хар азаргын нуруу зэрэг байгаль, түүх соёл, өв уламжлалын давтагдашгүй онцлогтой газар нутгууд олон бий.

Тус аймаг нь эртний хүмүүсийн оршин сууж байсан буур бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундад шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн байгалийн үзэсгэлэнт газар, нэн ховор амьтан, хүний гараар бүтээсэн гайхамшиг, музейн хосгүй үзмэрүүдийг “Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг”-аар баталсан юм. Эдгээр 9 гайхамшигийг танилцуулж байна. 

                      Гэгээн нуурын цогцолбор

/Усан цахилгаан станц, Гэгээн нуур, Харандаа хад, Нарванчин гэгээний хийдийн туурь/

Тайширын усан цахилгаан станц, Гэгээн нуур:   130м өндөр хадан хавцлыг газрын гүнд 20 м голын эргээс дээш 50 м өндөр, 75 м өргөнтэй, 190 м урт далан барьж байгуулсанаар 50 км/кв талбайтай, 930 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сантай нуур үүсгэсэн, хүмүүс болон техник хэрэгслийг далан дээр хүргэх 350 метр урттай тунел бүхий хүний гараар бүтсэн гайхамшигт бүтээл мөн.
Харандаа хад: Тайшир сумын төвөөс 3 км зайд орших энэхүү хад нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн лавын урсацаас тогтсон өвөрмөц тогтоцтой, 6 талтай баганан хүрмэн чулуунаас тогтсон толгой юм. 6 талтай хүрмэн чулуу ховор. Ийм толгой Дорноговьд аймгийн Дэлгэрэх сумд байдаг. Мөн Солонгос улсын Чежү арлын баруун талын эрэгт байдаг юм.
Нарванчин гэгээний хийдийн туурь:  Халхын 88 шидтэн Нарванчин гэгээн Б.Пүрэвжав, Дэмчиг бурханы  хувилгаан Дүвчин  дилав хутагт Б.Жамсранжав  нарын Халх даяар алдартай хүрээ хийд  эдүгээ  туурь болон үлджээ. Хийдийн  туурь 250-300 м2  орчим талбайтай.  Тэнд  12,5м урт, 5 м өндөр 85 см өргөнтэй  гол сүмийн  хойд хана , түүний баруун, зүүн  талд байх 8-10м урт, 1,6 м өндөр, 40 см өргөнтэй  2 хананы  үлдэц байдаг. Хананы үлдэцийг ажиглахад  хавтгай чулуугаар суурь  тавиад дээр нь түүхий тоосгыг босоогоор нь өрж,  үйлджээ. Барилгын дээврийн зориулалттай  хээтэй, хээгүй ваар шаазан эдлэлийн үлдэгдэл, нөмрөг ваар, хөх тоосгоны хагархай , энд  тэндгүй  хөглөрнө. Зэс  аяга, тахилын  цөгц,  чимэглэл зэрэг зүйлсийг хананы хөндийд шургуулсан байдаг. 

Ш.Цоодол

 

Related news