Г.Ганболд: Өвөрхангай аймаг нь малын гоц халдварт өвчин гараагүй эрүүл бүс

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдоос цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танай аймагт энэ сарын 25-нд ажиллалаа. Томилолтын үеэр ямар асуудал шийдвэрлэв?

-Манай аймагт дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн Өвөрхангай аймаг нь улсдаа хамгийн олон малтай аймаг.  Тиймээс махны үйлдвэр барих зайлшгүй шаардлагатай байдаг. Махны үйлдвэртэй болох тухай асуудал нь зөвхөн Өвөрхангай аймгийн төдийгүй бүс нутгийн томоохон зорилт юм хэмээн үзэж, Ерөнхий сайдад саналаа тавьсан. Биднийг саналын дагуу холбогдох ажлын хэсэг асуудлыг судалж үзээд Өвөрхангай аймагт баригдсан “Жаст агро” ХХК-ийн махны үйлдвэрийг орон нутагт шилжүүлж, цаашдаа хамтарсан байдлаар ашиглахаар боллоо.

Цаг агаарын үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж улсын нөөцөөс 300 тн өвсийг үнэ төлбөргүйгээр, 500 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн. Үүний зэрэгцээ Нарийнтээл, Есөнзүйл сумын дотоод эрчим хүчний шугамыг Эрчим хүчний яамнаас шийдвэрлэсэн бол ХХААХҮЯ-наас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн зээл олгохоор шийдвэрлэлээ.

-Махны үйлдвэртэй болох нь. Мэргэжилтнээ хэрхэн бэлтгэх бодолтой байна вэ?

-Өвөрхангай аймагт, тэр дундаа манай бүс нутагт улсын хэмжээний нийт мал сүргийн 30 хувь нь байдаг. Түүнчлэн хамгийн эрүүл бүс. Энэ утгаараа бол махны үйлдвэрийг манай аймагт байгуулах нь хамгийн оновчтой бодлого юм. Тиймээс Төрийн банкны мэдэлд байгаа “Жаст агро” ХХК-ийн махны үйлдвэрийг орон нутгийн өмчит шилжүүлэхээр боллоо. Үйлдвэр ашиглалтад орсноор махны үнэ тогтвортой байх болно. Үүний зэрэгцээ ажлын байр нэмэгдэх МСҮТ-ийг түшиглэсэн хөдөө аж ахуйн парк байгуулж, улмаар эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдэнэ.

-Малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр байна гэж баруун аймгийнхан ярьж байсан. Танай аймаг малын гоц халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна вэ?

-Улсын хэмжээнд гурван аймагт малын гоц халдварт өвчин гараагүй. Түүний нэг нь манай аймаг. Энэхүү тогтвортой байдлаа хадгалахын тулд хүчин зүтгэл гаргаж ажиллаж байна. Өвөрхангай аймгийг тойроод энэ жил цэцэг өвчин гарлаа. Тиймээс өнгөрсөн өвөл буюу 12 дугаар сард нэлээдгүй тооны бог малыг вакцинжуулсан.

-Дулааны станцын асуудлыг Ерөнхий сайд томилолтын хугацаанд шийдвэрлэсэн гэж та хэллээ. Ямар байдлаар шийдэв?

-Өвөрхангай аймаг нь Баянтээгийн нүүрсний уурхайтай. Нүүрсний чанар сайн боловч үнсжилт тортогжилт хамгийн ихтэй. Энэхүү нүүрсийг ашиглаж байгаагаас өнөөдөр утаа ихтэй байна. Тиймээс дулааны цахилгаан станцын асуудлыг бид олон жилийн хугацаанд тавьж ирсэн юм. Санхүүжилтийг Солонгосын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэн, энэ жилдээ ажлаа эхлүүлэхээр болж байна.

-Зээлийн хэмжээ хэд вэ?

-Нэг аймагт 13 сая ам.доллар олгоно. Ер нь манай аймаг 4 жилийн өмнө станцын ТЭЗҮ-г нь хөрөнгө мөнгө гаргуулж хийлгэсэн. Өөрөөр хэлбэл ТЭЗҮ нь бэлэн.

-Аймгийн хэмжээнд хэдий тооны жижиг уурын зуух байна вэ?

-Төвлөрсөн уурын зуух 12 байна. Жижиг нам даралтын зуухыг тоолоход бэрх. Аймгийн төв 38 мянган иргэн амьдардаг. 9 мянга орчим өрхтэй. Өнөөдөр айл өрхөөс гарч буй утаажилт агаарын бохирдолд ихээхэн хувь хэмжээг эзэллэг. Иймээс төвлөрсөн зуухтай болсноор агаарын бохирдол арилгахаас гадна халуун ус, уурын хэрэглээ зэрэг давхар асуудлуудыг шийдэх юм.

-Хаваржилт хэр байна вэ?

-Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас хаваржилт ноцтой хүндэрч байна. Тэр дундаа говийн сумдад тал газраа 35 см, хунгарласан газраа 80-120 см зузаан цастай байна. Цасны улмаас малчид малаа бэлчээрт гаргаж чадахгүй байна. Иймээс Ерөнхий сайд томилолтынхоо хугацаанд 100 тн өвсийг үнэ төлбөргүйгээр олгосонтой холбогдуулж Зэвсэгт хүчний анги байгууллагаас туулах чадвар сайтай машин гаргаж, өвсөө хүргүүлж эхэллээ. Одоогийн байдлаар 6 машин сумд руу хөдөлсөн байна. Тэдгээр машиныг эргээд ирэхээр дараагийн сум руу өвс хүргүүлэхээр зохион байгуулалт хийгээд байна.

Б.Туул