“Дэлхийн усны өдөр”-ийг “Хаягдал ус” уриан дор тэмдэглэнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог “Дэлхийн усны өдөр”-ийг энэ жил “Хаягдал Ус ” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

1993 оноос эхлэн эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг ЮНЕСКО гишүүн орнууддаа гаргасан. Энэхүү тэмдэглэлт өдрийн гол зорилго нь усны салбараас  тулгамдаж буй асуудлыг сонгон авч уриа дэвшүүлэн бүх нийтийн анхаарлыг хандуулдаг юм.

Өнөөдөр дэлхий дээр 2.4 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй  амьдарч байгаагаас 946 сая  нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо гарчээ. Ил задгай бие засах нь байгаль орчныг бохирдуулж, үүнтэй холбоотойгоор эдгээр оронд 0-5 хүртэлх хүүхдийн нас баралт хамгийн  өндөр байна. Түүнчлэн бохир ус маш олон төрлийн өвчин үүсгэгч бичил биет, хүний биед амьдардаг шимэгч хорхой, зарим хавдар үүсгэгч, эмгэг төрөгчид, янз бүрийн хортой химийн бодис болон гадаргын идэвхт фосфор органик нэгдлүүдийг агуулдаг.

2016 онд  Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хийсэн “Улаанбаатар хотын өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоосон нь судалгааны дүнгээр нэг хүнд ноогдох унд, ахуйн усны хоногийн нийт хэрэглээ гэр хорооллын өрхөд 15.57 литр, орон сууцны өрхөд 90 литр байгаа нь орон сууцны хүн амын усны хэрэглээ гэр хорооллын өрхтэй харьцуулахад өндөр боловч ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтрэхгүй байна.

Нийслэлийн хүн амын 60 орчим хувь оршин сууж байгаа гэр хорооллын 200 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлогоогүй, Нүхэн жорлон угаадасны нүх техникийн шаардлага стандартын шаардлагад нийцэхгүй байгаа нь усны чанар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж байна.

Иймээс 2017 онд  “Хаягдал ус буюу Бохир ус” түүнийг тойрсон олон тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь зорилгоор “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бол ариун цэврийн байгууламжийн шийдлийн талаар онлайн сувгуудаар мэдээлэл байршуулж, ус хөгжлийн түлхүүр сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зэрэг ажлыг зохион байгуулжээ.