Люк Даниелсон: Ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс шалтгаалахгүй урт хугацааны бодлого гаргах ёстой

УУХҮЯ, Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хүрээлэн хамтран "Монгол Улсад уул уурхайн салбарын бодлогыг хэрэгжүүлэх чадварыг сайжруулах нь" сургалтыг Нээлттэй нийгэм форумд  зохион байгуулж байна.

 Уул уурхай, ашигт малтмал, металл, тогтвортой хөгжлийн Засгийн газар хоорондын форум тус сургалтыг дэмжин оролцож буй аж. Уг байгууллага нь 2016 онд Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр манай уул уурхайн салбарын бодлогын үнэлгээг хийсэн бөгөөд үүнийг үндэслэн  тус сургалтыг хийж байгааг албаныхан хэллээ.

-Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамны хуулийн хэлтсийн дарга С.Мандахбат:

-Уул уурхайн тогтвортой хөгжлийн чиглэлээр уул уурхай давамгайлсан эдийн засагтай 57 орны Засгийн газар хоорондын форум байдаг. Манай улс тус форумд 2006 оноос хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд энэ хүрээнд уул уурхайн бодлогодоо үнэлгээ хийлгэсэн. Олон улсын зөвлөхүүд ажиллан манай уул уурхайн бодлогод шинжилгээ хийн ерөнхийдөө сайн гэсэн үнэлгээ өгсөн. Уул уурхайн салбарын санхүүгийн үр ашгийг сайжруулах, уурхайн хаалтын орчныг бүрдүүлэх, нийгэм эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, орон нутгийн оролцоо, харилцааг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого хэрэгжүүлж буй яам, агентлаг, орон нутгийн удирдлагууд, ТББ, төрийн өмчит компаниудыг сургалтад оролцуулж байна.

-“Ди-Эл-Эй” олон улсын татварын компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга Ши Бүүн Ло:

-Уул уурхайн татварын асуудлыг улс орон бүр өөрсдийн бодлого, эрх ашигтаа тулгуурлан тодорхойлдог. Олон улсын түвшинд татвартай холбоотой хоёр асуудал бий. Эхнийх нь олон улсын татварын гэрээнүүд юм.  Олон улсын татварын гэрээний нөхцлөөс хамааран тухайн олборлох салбарыг хөгжүүлж буй улс орны эрх хязгаарлагдаж, бүрэн хэмжээний татвар авч чадахгүйд хүрдэг. Дараагийн асуудал нь үнэ буюу ашиг шилжүүлэлт юм. Энэ асуудал голчлон үндэстэн дамнасан корпорациуд дээр хөнддөг. Тухайн компанийн бүрдүүлж байгаа ашиг нь аль улсад үйл ажиллагаа явж буйгаас хамаарч татвар өөр өөр байдаг. Хөгжүүлж байгаа улс орны хувьд үнэ шилжүүлэлтээс болж бага татвар авах, татварын эрхээ хэрэгжүүлж чадахгүй байх  зэрэг эрсдэл үүсдэг. Монгол Улс шиг хөгжиж буй улс орнуудад олон улсын гэрээний асуудал нийтлэг тохиолддог. Засгийн газар олон улсын гэрээ хийхдээ урт хугацааны бодлого талаас нь харж, үүсч болох ашиг болон эрсдлийг  сайн тооцож байх ёстой.

-Тогтвортой хөгжлийн стратеги группын ерөнхийлөгч Люк Даниелсон:

-Монголд нээлттэй нийгэм хөгжсөн. Иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй байгаа нь хамгийн том давуу тал гэж бид судалгаагаар үнэлсэн. Мөн уул уурхайн чиглэлээр төр, хувийн хэвшилд өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин олон байсан. Анхаарах ёстой асуудлаас дурдвал уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудаас татварыг хэрхэн оновчтой авах болон уурхайн хаалтын асуудал гарч ирж байгаа. Олон улсад уурхай хаагдсаны дараа тухайн бүс нутгийн иргэд хэрхэн амьжиргаагаа залгах вэ гэдгийг анх лиценз олгохдоо төлөвлөн гаргадаг болсон. Түүнчлэн тухайн уурхай хугацаанаасаа өмнө хаагдсан тохиолдолд яаралтай тулгарсан асуудлуудыг шийдэх санхүүгийн баталгаа авдаг болсон. Энэ мэт олон улсын жишгийг нэвтрүүлэх нь чухал юм. Мөн түүхий эд экспортлох дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай. АНУ-д сүүлийн жилүүдэд тоосжилт, шороон шуурга ихсэж байгаа. Монголын говьд нүүрс тээвэрлэлтээс болж их хэмжээний тоосжилт  үүссэн. Үүнээс гадна Монгол Улсад хууль зүйн орчин тогтворгүй байгаа нь хохирол учруулж байна. Уул уурхайд түшиглэсэн орны Засгийн газар хамгийн гол нь ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс хамаарахгүй, эдийн засгийн өсөлтийг хангах урт хугацааны бодлого гаргах ёстой.

М.Аминаа