Д.Одбаяр: Дэлхийн хэмжээний боловсролыг олж авахын тулд Энэтхэгийг зорих хэрэгтэй

Энэтхэгийн Техник, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ITEC хөтөлбөрт Монгол Улс 1987 оноос нэгдэж жилд 50-200 гаруй мэргэжилтнийг урт богино хугацааны сургалтад хамруулжээ. 

Тэгвэл өнгөрөгч баасан гарагт ITEC хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний 52 удаагийн өдөрлөгийг Монгол дахь Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Туушин зочид буудлын их танхимд зохион байгуулав. Эл арга хэмжээнд 2014-2016 онд ITEC хөтөлбөрт хамарсан 200 гаруй төгсөгч оролцсон юм.

 Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу хэлэхдээ,  Энэтхэгийн Засгийн газар 1964 оны есдүгээр сарын 15-наас Энэтхэгийн Техник ба Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ITEC хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү арга хэмжээг Энэтхэгт болон гадаад дахь Энэтхэгийн Элчин сайдын яамд, Ерөнхий Консулын газрууд жил бүр тэмдэглэж байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд сургалтын курсээс гадна мэргэжилтнүүдийг илгээх, сургалтын аялал зохиох, багаж хэрэгсэл бэлэглэх, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг. Бусад хөгжиж буй орнуудтай тогтоосон харилцааг хоёр талын түншлэл, хамтын ажиллагааны үндсэн дээр хөгжүүлэхэд Техник ба эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр чухал ач холбогдолтой. Энэ нь хүн төрөлхтний нийгэм, эдийн засгийн сайн, сайхныг хөхиүлэн дэмжих, нийтийн зорилгод хүрэхийн тулд дэлхийн хүмүүс өөр хоорондоо харилцан хамааралтай байдаг зүй тогтолд бидний зүгээс оруулж буй тодорхой хувь нэмэр юм” хэмээн онцлов.

Мөн үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д. Одбаяр, “ITEC нь хөгжиж буй орнуудын мэргэжилтэн, боловсон хүчнийг давтан сургах хөтөлбөр бөгөөд Монгол Улстай 30 дахь жилдээ хамтран ажиллаж жилд манай 200 орчим мэргэжилтний мэдлэгийг тэлж байна. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Засгийн газар тэтгэлгийнхээ хэмжээг өсгөж Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны дэмжлэгээр  суралцагчдын тоог 150-200 болгож нэмсэн. Мөн Энэтхэгийн  Соёлын харилцааны зөвлөл ICCR-ийн дэмжлэгээр их, дээд сургуульд жил бүр 50 орчим Монгол оюутан элсэн суралцдаг. Миний бие Энэтхэг улсад 1997 онд Эрх зүйн Үндэсний их сургуулийг хуулийн чиглэлээр суралцаж төгссөн. Тус улсын боловсролын систем маш сайн бөгөөд хүн сургах арга барил өндөр байдгаараа онцлогтой юм. Энэтхэг улс хөгжлийн туршлагаа бусадтай хуваалцдаг сайн жишээг олон орон хүртэж байна. Тус улс хэдийгээр хөгжлийн шатанд явж байгаа ч олон орны хүмүүсийг сургаж байгаа нь хамтын ажиллагаагаа чухалчилж буй нэг үзүүлэлт юм. Манай хоёр орны харилцаа бүх салбарт эрчимтэй хөгжиж буй нь өнөөдөр боловсролын салбараар илэрч байна. Дэлхийн хэмжээний боловсролыг олж авахын тулд Энэтхэгийг зорих хэрэгтэй гэж би хувьдаа дүгнэдэг. Энэтхэгт англи хэл сурсан хүн бол бусад орныхны аялгыг төвөггүй ойлгодог. Энэ мэт том гүрнээс суралцах зүйл их бий. 21-р зууны дэлхийн эдийн засгийг тодорхойлох хүчирхэг орон болох Энэтхэгийн  шинэ ололт, технологиос монголчууд сайн суралцах ёстой” хэмээн ярилаа.

Энэ үеэр ITEC хөтөлбөр нь  мэргэжлийн ур чадвараар зэвсэглээд зогсохгүй дэлхий нийтийг нэгтгэж буй юм. Энэтхэг орныг сэтгэл зүрхэндээ тээж сайхан сэтгэлээр дурсаж явдагаа төгсөгчид тодотголоо.

Дашрамд дурдахад ITEC  хөтөлбөрт хамрагдагсдын тоо нэмэгдэхийн хэрээр төсвийн зардал  өсчээ. БНЭУ-д 300 гаруй их, дээд сургууль, гурван мянга орчим коллеж үйл ажиллагаагаа явуулж байна. Боловсон хүчин бэлтгэх талаар Энэтхэг орон хөгжиж буй орнуудад дээгүүрт тооцогддог бөгөөд эрдэм шинжилгээний ажилтны тоогоороо дэлхийд гуравт жагсдаг ажээ.

Б.Заяа