Хотын дарга агаарын бохирдлыг бууруулах захирамж гаргалаа

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр захирамж гаргалаа.

 Уг захирамжийг маргааш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  өргөтгөсөн   хуралдаанд танилцуулах юм байна.  

Тодруулбал Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай захирамжаар улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байх аж.

 Дараагийн захирамжаар Агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдолын  4 бүсчлэлийг тогтоосон байна. Нэгдүгээр бүсэд  орон сууц, байшин хороолол багтах юм байна.  Уг  бүсэд ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргахгүй гэдгийг тодорхойлжээ. Харин 2-4 дүгээр бүсэд тодорхой заагтайгаар цахилгаан халаагуур, сайжруулсан түлш хэрэглэхийг тогтоон захирамжлав.  Мөн  агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран   төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Харин гурав дахь захирамж нь “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” юм. Эл захирамжаар  шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах аж. Тухайлбал  Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг шилжиж ирүүлнэ. Түүнчлэн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдан авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөх аж. Бусад тохиолдолд 2018 оны Нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглохоор тооцжээ.

Дээрх захирамжийн хяналтад Улаанбаатар хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагчид  хяналт тавих юм.

Хотын дарга С.Батболд хэлэхдээ, "Улаанбаатар хотод утаа гаргадаг яндангийн тоог нэмэхгүй, орон сууц, барилгажилт, эко үйлдвэрлэлийг дэмжинэ. Мөн  автомашины  оношилгоог чанаржуулж, шаардлагатай тохиолдолд агаар бохирдуулж буй тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно. Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заасан  эрх боловч Үндсэний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал үүсч, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн санал хүсэлтийг үндэслэн дээрх захирамжийг гаргасан. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлээд явбал агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна гэж бид үзэж байна” гэлээ.

Б.Заяа

 Гэрэлт зургийг Н.Батбаяр