Говийн аймгуудаар 32 хэм хүрч хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-06 17:14:09

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2024 оны тавдугаар сарын 6-15-ныг хүртэлх урьдчилсан төлөвийг танилцууллаа.


ЦУОШГ-ын цаг уурч Э.Дариймаа ярихдаа “Арав хоногийн хугацаанд нутгийн хойд хэсгээрээ бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэх бол нутгийн өмнөд хэсгээр халах төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр нэлээд халах тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.


Маргааш Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд баруун аймгуудын зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд баруун болон говийн нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд Монгол Алтай, хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.


Салхи тавдугаар 6-нд Алтайн салбар уулсаар 7, 9-нд нутгийн зарим газраар, 10, 11, 13-нд говь, тал хээрийн нутгаар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын үр хоолойгоор секундэд 6-11 м, зарим үед 11-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температурын хувьд ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 10-15 хэм дулаан байх аж.


Тэгвэл говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13, өдөртөө 28-32 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12, өдөртөө 20-25 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 16-21 градус дулаан байх төлөвтэй.


Улаанбаатар хотод тавдугаар сарын 9-нд бороо, 10-нд бага зэргийн бороо орох бөгөөд энэ үед салхины хурд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Бусад үед секундэд 6-11 метр байх аж. Тавдугаар сарын 6, 7, 11, 12-ны шөнөдөө 8-13, өдөртөө 23-28 хэм дулаан байх бол бусад хугацаанд сэрүүсэж, шөнөдөө 1-6, өдөртөө 12-17 градус дулаан.

相关新闻