БАЯНХОНГОР: УАШТ-д амжилт гаргасан багш дасгалжуулагч, тамирчдыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-03 13:06:55

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт холимог тулааны спортын “Нөхөрлөл - BMMA - Fighting” клубийг 2023 онд байгуулж, тус спортод дуртай, сонирхогч хүүхэд залуусыг хичээллүүлж эхэлсэн.


Тус клубийн үйл ажиллагаанд Баянхонгор аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдээс дэмжиж, хүүхэд залуусыг спортоор дамжуулан зөв, өв тэгш хүмүүжилтэй болгох зорилгоор хамтран ажиллаж байна.


Клубийн тамирчдаас 2024 оны 3, 4 дүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах тулааны “УШУ-САНДА”, боксын “MUAYTHAI” тэмцээнүүдэд өндөр амжилт гаргажээ. Тамирчдыг клубийн багш, дасгалжуулагч О.Дондов бэлтгэн уралдаан тэмцээнд оролцуулсан байна. Тэмцээнд тамирчин Ө.Золбообаяр 17 насны ангилалд оролцож тэргүүн байр эзэлж алтан медалийн эзэн болсон бол улсын аварга шалгаруулах кикбоксийн тэмцээнд тамирчин Г.Нэмэхбаяр, Н.Доржсамбуу нар 16 насны ангилалд оролцож жин тус бүрдээ хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ.


Тэмцээнд амжилт гаргасан багш, дасгалжуулагч болон тамирчдыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Норов, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар нар хүлээн авч хүндэтгэл илэрхийлэв.

Монголын холимог тулааны “MGL-1 Fighting Championship” холбооны хөдөө орон нутаг дахь анхны салбар зөвлөл нь Баянхонгор аймгийн салбар юм. Тус холбоо бие хамгаалах урлагийг хүүхэд залууст таниулах, бие хамгаалах урлагаар хичээллэх дур сонирхолтой болгох зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

“MGL-1 Fighting Сhampionship” холбоог анх 2009 онд үүсгэн байгуулснаас хойших хугацаанд холимог тулааны 17 аварга төрсөн байдаг. Тухайлбал, АНУ-д холимог тулааны холбоонд Монгол Улсаа төлөөлөн тулалдаж байгаа, 57 кг жингийн хошой аварга, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Рэнцэнгийн Отгонтулга, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат 77 кг жингийн хошой аварга Дагвадоржийн Батсүмбэрэл нарыг нэрлэж болох юм.

相关新闻