Монгол Улсад зорчсон тайланд иргэдийн тоо 2 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-25 09:54:50

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Тайландын улс төр, бизнесийн төлөөлөлтэй уулзав.


Cайд Б.Батцэцэг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Тайландын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн туршид тогтвортой өргөжин тэлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, үүнд хоёр талын Худалдааны хамтарсан хороо болон Бизнес зөвлөл чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэсэн юм. Тэрбээр хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх замаар өнгөрсөн онд Тайланд Улсад зорчсон монгол иргэдийн тоо 59 хувиар, Монгол Улсад зорчсон тайланд иргэдийн тоо 2 дахин нэмэгдсэнийг онцлон тэмдэглэв.


Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн төслүүдийг ойрын хугацаанд эцэслэн байгуулах зэрэг чухал тохиролцоонд хүрснийг дурдаад, цаашид аялал жуулчлал, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, инновац зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.


Энэ үеэр хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн Тайландын Хаант Улсын Үндэсний хууль тогтоох Ассамблейн гишүүн, Тайланд-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Анусак Конгмалайд “Найрамдал” медалийг гардуулав. Тус уулзалтад Тайландын Хаант Улсын Сенатын Ерөнхийлөгч Поонпэт Вичитчольчай, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Умэш Пандэй, Гадаад хэргийн дэд сайд Сихасак Фүанькэткөү тэргүүтэй төр засгийн удирдлага болон томоохон компани, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид зэрэг 70 гаруй төлөөлөл оролцлоо.



















 

相关新闻