БАЯНХОНГОР: Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг дотоодын цэргийн хамгаалалтад авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-19 09:48:47

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах ёслолын үйл ажиллагааг Баганат талбайд зохион байгууллаа.


Улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Баянхонгор аймагт Дотоодын цэргийн 832 дугаар тусгай салбарыг байгуулж, ийнхүү нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.


Баянхонгор сумын цэвэр усны хэрэглээг хангаж буй гурван усан санг хамгаалалтад авч ундны усны аюулгүй байдлыг хангах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан. Энэ хүрээнд Дотоодын цэргийн нэгжид цагдаа, зэвсэгт хүчин зэрэг төрийн тусгай албанаас хүний нөөц бүрдүүлж албан ёсоор хамгаалалтын ажлыг эхлүүлж байна.


Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж дотоодын цэргийн хамгаалалтад шилжсэнээр иргэд, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, хамгаалалтыг найдвартай түргэн шуурхай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна.


Мөн аймгийн төвд барьж байгуулах Дулааны цахилгаан станц, Байдрагийн усан цахилгаан станцыг дотоодын цэргийн нэгж хамгаалалтад авахаар төлөвлөжээ.



相关新闻