БАЯНХОНГОР: "Маамуу нааш ир" дуунд зориулсан хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-18 13:14:15

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд аймгийн "он залуу" хөшөөнүүдийн нэг "Маамуу нааш ир" дуунд зориулсан хөшөөг уншигчдадаа танилцуулъя.


Баянхонгор аймгийн “Өвгөнжаргалант” хүүхдийн зуслан 2022 онд тохиосон түүхт 60 жилийн ойгоороо “Маамуу нааш ир” дуунд зориулсан гэрэлт хөшөөг босгосон байдаг. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг буюу аймгийн төвөөс 50 гаруй км зайд үйл ажиллагаа явуулдаг “Өвгөнжаргалант” хүүхдийн зуслан нь 1662 онд 7 гэр, 23 ажилтантай байгуулагдан Архангай, Өвөрхангай болон өөрийн аймгийн 40 хүүхэд хамруулан ажлаа эхэлж байжээ. Улмаар 1997 оноос Хүүхдийн хөгжлийн төв хэв шинжийг хадгалж, амрагчдын сонирхол хэрэгцээнд тулгуурлан соёл хүмүүжлийн олон талт хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.


Тус зусланд босгосон “Маамуу нааш ир” хөшөөг Баянхонгор аймгийн уугуул уран барималч УГЗ Д.Сосорбурам, барималч Д.Угтаасүрэн нар бүтээсэн байна.


Монгол Улсад хамгийн алдартай хүүхдийн дуугаар зүй ёсоор нэрлэгддэг "Маамуу нааш ир" дууг 1956 оны 10 дугаар сарын 25-нд олны хүртээл болгож байжээ. Энэхүү дууны үгийг Хонгор нутгийн хөвүүн, Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн бичсэн юм.


Ташрамд, уг дуунд зориулсан хөшөө Улаанбаатар хотын Хүүхдийн ордоны баруун талд байдаг бол Ч.Лхамсүрэнгийн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө Баянхонгор аймгийн Ном соёлын өргөөний өмнөх талбайд байдаг. Дууны 60 жилийн ой 2016 онд, дууны үгийг бичсэн Яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой 2017 онд тохиож байжээ. Тэрбээр 1962 онд “Хүрэн морь” найраглал, "Маамуу нааш ир” зэрэг хүүхдийн дууны шүлгээрээ төрийн шагнал хүртжээ.

Маамуу нааш ир
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхъя аа
Машин барьж явъя аа
Ном сонин уншъя аа
Ногоон модоо тойръё оо
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Ах эгч хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Хүрэн баавгай хөтөлье өө
Хүчит заанаа тууя аа
Хүүхэлдэйнхээ хамтаар
Хөөрхөн тоглоомоор тоглоё оо




相关新闻