Г.Өнөболд: Ерөөл, магтаал хэлж буй газар хүндлэл, сайн сайхан зүйлс оршдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-17 19:16:12

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/.  Өвлөн уламжлагч, морь, бөх цоллооч, Соёл урлагийн газрын аман өвийн сургагч багш Г.Өнөболдтой ярилцлаа. Түүнтэй уулзахаар Арвайхээр сумын 5 дугаар сургуулийг зорин очиход хүүхдүүд "Ерөөлийн багш" хэмээн дуудаж байв.


-Ерөөлч, магтаалч хүмүүс цөөрч байна. Харин өөрийн тань хувьд залуу хүн атлаа энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулахад хичээн зүтгэж байгаа нь сайхан санагдлаа. Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Намайг Г.Өнөболд гэдэг. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул. Биет бус өвийн долоон ай савын хүрээнд ерөөл, магтаал, морь цоллох ум марзай гэх зүйлийг өвлөж аваад 14 жил энэ чиглэлээр суралцаж, судалж явна. Мөн энэ аман өвийг шавь сургалтаар хөгжүүлэх, өвлүүлэх чиглэлээр  аймгийн Соёл урлагийн газартай хамтран ажиллаж  байна.


-Ум марзай гэж юу вэ?

-Хурдан морины уралдаанд аймгийн тавд хурдалж ирсэн морьдынхоо цолыг дуудчихаад наадмын талбайгаас гарахдаа төрийн тугаа гурван удаа тойроод Дамдин бурхны тарнийг аялгуулан уншаад гардаг уламжлалтай. Энэ бол морьдоо хөнгөрүүлэх, унаач хүүхдүүдийн хийморийг сэргээх нэг арга юм. Манайхаар бол гийнгоолох, зарим газар зээ татах гэж хэлдэг. Сүүлийн жилүүдэд энэ заншил улам мартагдаж, ёс төдий үйлддэг болж байна.  

Ум марзай нь Дарьганга, Төв халх, Боржгин гээд өөр өөр аялгуутай байдаг юм. Бидний хувьд Төв халхынхаа аман өвийг уламжлах ёстой. Гэтэл хүүхдүүд цахим сүлжээнээс энд тэндхийн марзай сурчихаад аялгуулаад байдаг. Тэгэхээр Өвөрхангайн гэх онцлог зүйл байхгүй болно. Тийм учраас би хүүхдүүддээ марзай гэж ямар утга учиртай, ямар ялгаатайг ойлгуулахыг зорьдог. 


-Одоогоор хэчнээн хүүхдийг сургаад байна? Хүүхдүүд ерөөл, магтаал сурахдаа хэр сонирхолтой байдаг вэ?

-Арвайхээр сумын 5 дугаар сургуультай 2023 оны хоёрдугаар сараас эхлэн гэрээ байгуулж, 280 хүүхдийг сургалтдаа хамруулсан. Тэднээс шигшигдээд одоо 80 гаруй хүүхэд суралцаж байна. Зөвхөн 5 дугаар сургууль гэлтгүй, бусад сургууль, цэцэрлэгээс сурах хүсэлтэй хүүхэд ирдэг. “Хүүхдээ даахины ерөөл хэлүүлж сургая, морь цоллодог болгоё” гэсэн эцэг, эхчүүд, багш нар их холбогддог.


Цэцэрлэгүүд ёс заншил, соёл уламжлалтай холбоотой өдөрлөгүүдийг их зохиодог болсон болохоор ирээд сургалт хийгээд өгөөч гэсэн санал хүсэлтийг ч их тавьдаг. Би үүнд их баярладаг. Нэг ч гэсэн хүүхэд аман өв соёлоо сураад авбал хэчнээн сайхан. Миний эхлүүлсэн ажил үр дүнд хүрч байна гэж боддог юм.

Энэ жил Хайрхандулаан, Хархорин, Сант гэхчлэн сумаас хүсэлт ирсний дагуу хамтран ажиллана.


-Өөрийн тань хувьд ерөөл, магтаалыг хэзээнээс сурсан бэ?

-Би анх 5 дугаар ангийн сурагч байхдаа ерөөл хэлж байсан юм. Хайрхандулаан сумын харьяат, Монгол Улсын морь, бөх цоллооч Л.Доржсүрэнгээс гэрийн ерөөл хэлэхийг сураад айлын найрыг ерөөж байлаа. Тэр үеэс хойш тасралтгүй ерөөл, магтаал хэлж иржээ. МЗЭ-ийн гишүүн, морь, бөх цоллооч Д.Эрдэнэбат хоёр жилийн өмнө зодог тайлж, надад хадгаа өгсөн. Мөн тус сумын Соёлын төвийн эрхлэгч Ч.Гансүхийг дурдахгүй байж болохгүй. Энэ гурван хүн надад их зүйлийг зааж өгсөн дөө. “Чадаж байна” гэж нэг удаа хэлж байгаагүй.

“Амнаас чинь аятайхан аялгуу гарлаа гээд чи магтаалч болчихгүй, аятайхан үг хэллээ гээд ерөөлч болчихгүй, гэхдээ яахав болж байна” гэдэг байсан. Гэсэн ч шантрахгүй явсаар 14 жил болчихжээ.

Миний хувьд өдөр тутамд хийдэг ажил ерөөж, магтах л болчихоод байна.


-Ерөөлч, магтаалч гэхээр ихэнхдээ нас тогтсон хүмүүс л байдаг.

-Миний үеийнхэн ерөөл, магтаал сонирхоод явах нь ховор. Тийм болохоор хүний сонирхдоггүй юмыг сонирхоод байгаа юм шиг, өөрт эвгүй сэтгэгдэл төрдөг байсан бол одоо ерөөл, магтаал хэлж байгаа газар сайн сайхан зүйл, хүндлэл оршдог гэдгийг ойлгоод илүү суралцахыг хүсдэг болсон.

Манай аймаг гарын арван хуруунд багтахаар цөөхөн ерөөлч, магтаалчтай. Тэднийхээ эрх ашгийг хамгаалах, хүсэл сонирхлыг нь нэгтгэхээр аймгийн ерөөлч, магтаалч, цоллоочдын холбоог санаачлан байгуулж байна. Өнөөдөр 30 гаруй жил морь цоллочихоод сум, аймгийн тэмдэг ч үгүй хүн байгаа. Энэ хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэх хэрэгтэй.  



-Өөрийнх нь бусдаас ялгарах онцлог, өвөрмөц зүйл нь юу вэ?

-Би морийг аялгуутай цоллохыг хичээдэг. Зарим цоллооч тоочоод явчихдаг юм. Харин манай Өвөрхангай, тэр дотроо Хайрхандулаан, Нарийнтээл гарлын цоллоочид аялгуутай цоллодгоороо онцлог байдаг. Нэг хэсэг би морины цолыг дан дээд өнгөөр дууддаг байснаа шавь нар маань тэр өнгөнд хүрэхгүй, хоолойг нь эвдчих байсан болохоор больсон.

Харин ерөөлийг бол тоочих маягтай дууддаг. Сүүлийн таван жилд өөрийнхөө зохиосон ерөөл, магтаалыг хэлж явна. Өөрөө зохиохдоо нэлээн судалж, үгсийн тайлбар толь харж, уламжлалт хэв шинж болоод үг хэллэгийн утга санааг алдагдуулахгүйгээр бичдэг. Ерөөл, магтаал гэдэг чинь уламжлагдаж ирсэн зүйл учраас өөрчлөх эрх хэнд ч байхгүй.


үүлийн үед ерөөл, магтаалыг нэг утгаар ойлгоод байгаа байдал харагддаг. Энэ нь ямар шалтгаантай гэж та боддог вэ?

-Ерөөл нь ирээдүйгээс сайн сайхныг хүсэж урих, зөгнөн бэлгэдэх утгатай. Жишээ нь, “Аз жаргалтай амьдрах болтугай, алдар нэр хүндтэй явах болтугай” гэж ерөөдөг бол магтаал нь ямарваа нэг бодит зүйлийг магтахыг хэлнэ. Уулын магтаал гэхэд хэв шинж, онцлог төрхөөр нь магтана гэсэн үг. Товчхондоо ялгаа нь энэ. 

Сая Өмнөговь аймагт болсон улсын уралдаанд ерөөлийн ангилалд магтаал, магтаалын ангилалд ерөөлийг хэлээд байх юм. Яагаад ингэж алддаг болсон бэ гэвэл дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт аман өвтэй холбоотой сэдэв бараг байхгүй болчихсон. Бөх, морины цол, даахины, эсгийний ерөөл, Алтайн магтаал л байгаа юм. Тэгээд магтаал, ерөөлийн ялгаа нь юу юм бэ гэдгийг ерөөсөө оруулж өгөөгүй, багш нараа ч чадавхжуулаагүй.


Магтаал, ерөөл хоёрыг нэг хоолой, нэг хэмнэлээр дуудаж болохгүй гэдгийг багш нар нь заахгүй учраас хүүхдүүд ч мэддэггүй. Би өөрөө монгол хэл, уран зохиолын багш учраас энэ алдааг олж хараад байгаа юм.


-Ерөөл, магтаалыг ямар үед хэлдэг юм бэ?

-Ерөөлийг найр хурим, хүүхдийн сэвлэг, даахь үргээх ёслол, ахуйн зан заншилтай холбоотой эсгий хийх, гүү барих үеэр хэлдэг. Харин уул овооны тахилга, ургийн баярын үеэр магтаал нь явах ёстой. Найр уу, баяр ёслол уу гэдгээ ялгах хэрэгтэй. Жишээ нь, Хуримын ордонд найр биш гэрлэх ёслол болдог. Дараа нь гэртээ очоод найр хийдэг шүү дээ.


-Урын сан нь хэр арвин байна вэ?

-Одоогоор 50 гаруй ерөөл, 80 гаруй магтаалтай байна. Нийгмийн хөгжлийг дагаад урын сангаа баяжуулж байхгүй бол байшин барьсан айлд гэрийн ерөөл хэлэх, хүүхдийн нэг насны ойд даахины ерөөл хэлэх тохиромжгүй болчихоод байгаа юм.  Зарим хурим хийж байгаа залуус яг өөрсдөдөө зориулсан ерөөлийг хэлүүлмээр байна гэдэг. Тэгэхээр хоёр талын ураг удам, аав ээжийн алдар нэр, нутгийн уул ус гээд тэр хосуудад хамаатай бүхнийг хэлэх шаардлагатай болдог учраас шинээр зохиож байна.


Цагаан сараар ахан дүүсийн золголт хийх, гавьяа шагнал, одонгийн найрын үеэр ерөөлч, магтаалчдыг урьж байна. Энэ мэт санал хүсэлтийн үр дүнд миний урын сан арвижиж байна. 2019 онд аймгийнхаа бүх сум, түүхэн болоод үзэсгэлэнт газруудад зориулж магтаал хэлэх болсон.


-Хүмүүс ерөөлгөх их дуртай болж байгаа юм байна. Өвөрмөц хүсэлт авч байв уу?

-Голомт банкныхан төвийн салбарынхнаа ирэхэд Цагаан хаалганд намайг аваачиж байсан тохиолдол бий. Банк, санхүүгийн талаар “а”-гүй болохоор теллер, эдийн засагч хүмүүсийг яаж ерөөхөө мэдэхгүй, үнэнээ л хэлсэн. “Ер нь хүмүүс ямар ч үед, ямар ч орчин нөхцөлд санал тавьж мэднэ. Тэр бүхэнд бэлэн байх ёстой юм байна” гэж бодсон. Хайрхандулааны Соёлын төвийг мөн ерөөж байлаа.


-Ерөөл, магтаалын чиглэлээр хийж байгаа судалгааны ажлаасаа танилцуулж болох уу?

-Баруун таван аймаг, говийн аймгаар судалгаа хийсэн. Одоо Хэнтий, Дорнодоор нэг явна. Миний судалгааны ажилд 800 гаруй ерөөл байдаг. Тухайн ястан түмний үг хэллэг ерөөл магтаалдаа яаж тусаж байна вэ гэдгийг онцолж судалдаг. Жишээ нь, тооно гэх үг өөр өөрөөр хэлэгдэж, өөрөөр илэрхийлэгдсэн байдаг юм. Ийм зүйлийг хийж 10 гаруй жилийг өнгөрүүллээ. Энэ бүгдэд Соёл урлагийн газар, театрынхантайгаа хамтарч ажилладаг.


-Уралдаан, тэмцээнд хэр оролцож байна вэ?

-2022 онд Хэнтий аймагт зохиосон ерөөлч, магтаалчдын IV уралдаанд анх оролцоод тусгай байр, морь цоллоочдын уралдаанаас хоёрдугаар байрын шагналтай ирсэн. Сая Өмнөговь аймагт зохион байгуулсан морин хуурч, ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд хоёр шавьтайгаа оролцлоо. Шавь Б.Шинэжаргал маань Дорноговь аймгийн харьяат нэрт ерөөлч, магтаалч З.Чулуунбаатар агсны нэрэмжит “Шилдэг ерөөлч”-ийн шагнал авч, би магтаалын төрөлд тусгай байр эзэллээ. 2022, 2023 онд “Нүүдэлчин Монгол” соёлын фестивальд ёс уламжлал, аман илэрхийллийн төрлөөр оролцсон.

Соёл урлагийн газартай ярилцаад аймагтаа ерөөлч, магтаалчийн анхдугаар уралдааныг зохион байгуулах төлөвлөгөөт ажилтай явж байна.


-Морь цоллоочийн залгамж халаа хэр бэлтгэгдэж байна вэ?

-Морь цоллоочид ихэнхдээ 50-иас дээш насныхан байна. Цол дуудахад хоолойны бяр их шаардана. Нас ахихаар хоолойны цар хүрэхээ байчихдаг. Гэвч морь, бөх цоллооч төрж гарахгүй байна. Сумын наадам, овооны наадамд морины цол мэддэг хүн өмссөн дээлтэйгээ хонины морин дээр мордоод бэлгэдлийн чанараар цол дууддаг.


Уг нь цоллооч, засуул хүн наадмын хамгийн хүндтэй хүмүүс байдаг. Хамгийн сайхан морийг унаж, маш гоё ганган хувцаслаад цол дуудах ёстой. Тэгж байж тэр морийг хурдлуулсан уяач, унасан хүүхдийг сэтгэл ханамжтай байлгаж, наадамчин олныг баясгадаг.  

“Товчхон шиг цоллоорой” гэх үгийг би наадмаар сонсож л байсан. Уяач эзнээ, унасан хүүхдээ, хурдалсан морио магтаж алдаршуулах ёстой байтал мориныхоо нэр, зүсийг хэлээд дуусгана гэдэг утгагүй л дээ.



-Өөрөө бас яруу найрагч хүн. Шүлэг, найргийг уран яруу унших чиглэлээр ажил санаачилж байгаа гэж сонслоо?

-Ерөөл, магтаал руу түлхүү анхаараад сүүлийн үед шүлэг бичсэнгүй. Магтаал, ерөөл өөрөө шүлгийн хэлбэртэй юм даа. Арвайхээр сумын 5 дугаар сургуульд 1-5 дугаар ангийн 40 гаруй хүүхдийг хамруулаад уран уншлагын дугуйлан хичээллүүлж байна. Би энэ сургуулийн үндсэн багш биш ч үндсэн багш шиг нь харж хандаж, анги танхим бүх зүйлээр хангаж өгдөг. Өв соёлоо гэсэн сэтгэлтэй, хүүхэд хойч үедээ өвлүүлчихье гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байдаг энэ сургуулийн удирдлагуудад маш их талархаж явдаг. Тийм ч учраас улс, аймгийн уралдаанд хүүхдүүдээсээ дагуулж яваад нээгээд ирэх юмсан гэх бодолтой байдаг даа.


- Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн их амжилт хүсье. 

相关新闻