Сурагч Ц.Мөнхзаяа морин хуурын чуулгатай хамтарсан тоглолтод гоцолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-15 12:26:11

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Морин хуурч, сурагч Ц.Мөнхзаяа энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо болох Чингис хаан одонт морин хуурын "Мөрөөдлийн эгшиг" тоглолтод Ц.Сүхбаатарын хөгжим "Үүлэн бор” зохиолоор гоцлол тоглохоор бэлтгэлээ базааж байна.

 

Сэлэнгэ аймгийн “Таван хан” морин хуурын сургалтын төвийн суралцагч, Сүхбаатар сумын улсын тэргүүний 1-р сургуулийн 11в ангийн сурагч Ц.Мөнхзаяа, БТА, МУСТА Б.Амарсайхан багшийн удирдлага дор Сэлэнгэ аймгийн морин хуурын сургалтын төвд 2020 оноос хойш суралцаж байгаа юм.

 

Сэлэнгэ аймгийн “Таван хан” морин хуурын сургалтын төвийн багш Б.Амарсайхантай ярилцлаа.

 

-Танай сургалтын төвийн сурагч морин хуурын чуулгын тоглолтод оролцох гэж байгааг сонслоо. Тоглолтын талаар тодруулна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэх, сурагчдын авьяас боломжийг нээх, морин хуурын сургалтын төвүүдэд амжилттай суралцаж байгаа авьяаслаг сурагчдыг дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Маш том, хариуцлагатай, дахин давтагдахгүй боломжийг олгосон ховор тоглолт болох гэж байна.

 

-Тоглолтод оролцох хүүхдүүдийг хэрхэн сонгож авсан бэ?

-Монгол Улсын хэмжээнд 38 хүүхдээс 8 хүүхдийг сонгон шалгаруулж авсан. Эдгээр хүүхдүүдийн 4 нь Улаанбаатар хотоос, 4 нь орон нутгаас. Тухайлбал Сэлэнгэ, Дундговь, Говь-Алтай аймгаас оролцож байна. Бид хоёр сая Улаанбаатарт 2 өдөр тоглолтын бэлтгэлд оролцоод ирлээ. Хүүхэд маань урам ороод, сэтгэл санаа нь ч их өөдрөг тэмүүлэлтэй болж байгаа нь илт харагдсан.  

 

-Багшийн зүгээс хүүхдийн авьяас чадварыг илрүүлж, нээж хөгжүүлнэ гэдэг чухал. Эцэг эхчүүдийн дэмжлэг хэр байдаг вэ?

-Хүүхдийн авьяасыг дэмжиж, урам өгч байх нь манай эцэг, эхчүүдийн болоод холбогдох хүмүүсийн үүрэг л дээ. Зөвхөн багш биш. Эцэг эхийнхээ халамжид байгаа, тэдний дэмжлэгийг аваад явж байгаа хүүхдийн оролцоо, сэтгэл санааны бэлтгэл арай л өөр харагддаг юм. Манай охины хувьд багштайгаа хоёулаа бэлтгэлээ базаагаад явж байна. Манай зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ төлөө сэтгэл гаргахгүй, ойлгохгүй, дэмжихгүй байгаа нь харамсалтай байдаг.

 

Энэ тоглолт бол маш том аз завшаан, боломжийг олгож байгаа. Яагаад гэхээр морин хуур төрийн хөгжим. Иймээс төрийн хөгжмийн чуулгын тоглолтын тайзан дээр өмнө нь гоцлоод тоглоно гэдэг ховор завшаан шүү дээ. Алдаж болохгүй алтан боломж. Энэ том чуулгын морин хуурчид өөрсдөө тэр бүр гоцлоод гарч ирж тоглох нь ховор шүү дээ.

 

-Танай сургалтын төвд хэдэн хүүхэд суралцаж байна. Та хүүхдүүдээ хэдэн настайгаас нь сонгож авдаг вэ?

-Манай морин хуурын “Таван хан” сургалтын төвд өнөөдрийн байдлаар 30-аад хүүхэд суралцаж байгаа. Ц.Мөнхзаяа маань морин хуураар хичээллээд 4 жил болж байна. Маш идэвхтэй, сайн суралцагч охин. Төрийн хөгжим болсон морин хуураа дээдэлж, сурах, түгээх бол бидний үүрэг. Манай хүүхдүүд бүгд жигд сайн хичээллэдэг. Би хүүхдийг 3-р ангиас нь авч хичээллүүлдэг. Олон жил суралцаж байж сайн морин хуурч болно. Мөн дунд ангиас нь ч авдаг.  

 

相关新闻