Газын зурваст гал зогсоох асуудлаарх хэлэлцээ үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-08 09:35:13

КАИР, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /CNN/. Египет улсын зуучилснаар Израил ба ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээ ням гарагт Каир хотноо үргэлжилсэн тухай Египетийн төрийн мэдлийн Аль-Кахера агентлаг мэдээлжээ


“Олзлогдсон ба барьцаанд байгаа хүмүүсийг солилцох гэрээ, дүрвэхээс аргагүйд хүрсэн хүмүүсийг орон гэрт нь буцаах механизмыг бүрдүүлэх асуудлууд санал болгож буй эвлэрлийн хэлэлцээрт багтсан гэж тус агентлаг X хуудсандаа бичсэн байна.


Төлөөлөгчид нь ням гарагт очсоны дараа ХАМАС мэдэгдэхдээ түрэмгийллийг бүрэн зогсоох тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Газын зурвасаас Израилын цэргийг гаргах, палестинчуудыг гэрт нь буцаах, Израилын цэргийн ажиллагаанаас Газад учирсан хохирлыг арилгах, түүнчлэн палестин хоригдлуудыг Газын зурваст барьцаалагдсан израилчуудаар солилцох тухай хэлэлцээг дуусгах зэрэг шаардлагуудыг ХАМАС дахин тавьсан байна.


Харин Израилын тал ХАМАС-ын эдгээр шаардлагыг “утга учиргүй хэмээн удаа дараа няцааж байсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдийн хэлэлцээ нь мөргөлдөөн эхэлснээс хойш зургаан сарын дараа болж байгаа юм. Ням гарагт Газын зурвасын өмнөд хэсгийн Хан-Юнис хотоос цэргээ эргүүлэн татаж, дахин бүлэглэснээр Израилын арми тус зурваст явуулах дараагийн ажиллагаанд бэлтгэж байгаа бололтой. 

相关新闻