Европт ердийн зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээнд Турк улс түр оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-06 10:47:41

АНКАРА. 2024 оны дөрөвдүгээр сарын 6 /Anadolu/. Европт ердийн зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээнд (CFE) Турк улс оролцохоо түр зогсоож байгааг тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Онжю Кечели мэдэгдлээ.


Гэрээний хэрэгжилтийг түр зогсоох тухай Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зарлигийг Resmi Gazete (Албан ёсны сонин)-д нийтэлсэн байна. Уг баримт бичиг дөрөвдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ гэдгийг ГХЯ-ны төлөөлөгч мэдээлээд Турк улс CFE гэрээнээс гараагүй, харин зөвхөн хэрэгжилтийг нь зогсоож байгааг онцолжээ.


Түүний хэлснээр, 2023 оны 11 дүгээр сарын 7-нд ОХУ энэхүү гэрээнээс гарснаар "гэрээг үр дүнтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон байна". “11 дүгээр сарын 7-нд НАТО-гийн Зөвлөл энэ асуудлаар холбогдох мэдэгдлийг хийсэн. Турк улс ч мөн мэдэгдэл гаргаж, шийдвэрээ зарлаж, үндэслэлээ дурдлаа. Гэрээний үйлчлэлийг түр зогсоох тухай НАТО-гийн холбоотнуудын шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг холбоотон орон бүр өөрийн хууль тогтоомжийн дагуу тогтоодог” гэж О.Кечели хэллээ.


Хүйтэн дайны үеийн аюулгүй байдлын гол гэрээ болох Европт ердийн зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээнд НАТО-гийн 16 гишүүн улс (Бельги, Их Британи, Канад, Дани, Франц, Герман, Грек, Исланд, Итали, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, АНУ, Турк, Испани), Варшавын гэрээний байгууллагын зургаан гишүүн улс (Болгар, Унгар, Польш, Румын, ЗХУ, Чехословак) 1990 оны 11 дүгээр сарын 19-нд гарын үсэг зурж, 1992 оны 11 дүгээр сарын 9-нд хүчин төгөлдөр болжээ. 

相关新闻