Ираны хариу цохилтоос сэрэмжлэн Израилын ЭСЯ-дыг түр хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-05 16:52:02

ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /TASS/. Ираны зүгээс учирч болзошгүй аюулаас сэрэмжлэн Израилын эрх баригчид тус улсын дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг түр зогсоосон тухай “Sky news-Arabiya” суваг мэдээлжээ.


Мэдээлэлд дурдснаар, Дамаск дахь Ираны Консулын газарт агаараас цохилт өгсний хариуд тодорхой арга хэмжээ авна гэж Ираны эрх баригчид мэдэгдсэний дараа Израилын 28 дипломат төлөөлөгчийн газрыг хаасан байна.  


"Урьд өмнө зарлаж байгаагүй бэлэн байдлын” хүрээнд Израилын Гадаад хэргийн яам дэлхийн хэд хэдэн улс дахь Элчин сайдын яамдын ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн тухай Израилын төрийн мэдлийн Kan радиостанц пүрэв гарагт мэдээлжээ. "Израилын цэргүүд "үйл явдлын аливаа өрнөлд бүх фронт даяар өндөржүүлсэн бэлэн байдалд байна" гэж Израилын Батлан хамгаалах армийн албан ёсны төлөөлөгч Даниел Хагари үүнээс өмнө мэдэгдсэн байна. Израилын Элчин сайдын яамдыг түр хаасан тухай хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд тайлбар өгөхөөс тус улсын ГХЯ татгалзжээ. 


Ираны шашны удирдагч аятолла Али Хаменеи пүрэв гарагт буюу өчигдөр Х хуудсандаа, Дамаск дахь Ираны консулын газарт агаараас цохилт өгөх шийдвэр гаргасандаа Израил харамсах болно гэж еврей хэлээр бичжээ. Даваа гарагт уг цохилтын улмаас Ираны Зэвсэгт хүчний элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын хоёр генералыг оролцуулаад нийт 13 хүн амиа алдсан байна. 


Израилын эрх баригчид энэ цохилтын талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй юм. 

相关新闻