Ерөнхий сайд Нетаньяхугийн биеийн байдал маш сайн байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-01 14:26:05

Иерусалим, 2024 оны 4 дүгээр сарын 1 /CNN/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ивэрхий засах хагалгаанд орсон бөгөөд түүний биеийн байдал маш сайн байгаа гэж Иерусалим дахь “Хадасса Эйн Керем” эмнэлгээс өчигдөр мэдэгдлээ.


Хагалгаа амжилттай болж, Нетаньяху гэр бүлийнхэнтэйгээ ярьж байгаа, түүний биеийн байдал маш хурдан сайжирч байна хэмээн тус эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Алон Пикарский хэлэв.


Өдгөө 74 настай Нетаньяху өнгөрсөн бямба гарагт хийсэн эмчийн үзлэгээр ивэрхийтэй гэж оношлогдсон болохыг түүний ажлын алба мэдэгдсэн билээ. Тэрбээр мэдээ алдуулалттай мэс засалд орсон байна. Энэ үед түүнийг Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Ярив Левин орлон ажиллаж байгаа юм. Ням гарагт хагалгаанд орохынхоо өмнө Нетаньяху “хагалгаа амжилттай болж, ажилдаа эргээд хурдан орно” гэж байв.


Каир хотноо Израил ба ХАМАС бүлэглэлийн хэлэлцээ дахин сэргэж буй үед Нетаньяху мэс засалд  орлоо гэж Египетийн хэвлэлүүдэд бичжээ. Нетаньяху 2022 оны сүүлчээр Ерөнхий сайд болсноосоо хойш хоёр дахь удаагаа мэс засалд орсон нь энэ юм. Өнгөрсөн зун тэрбээр зүрхэндээ суулгац тавиулсан байна. Мөн 2013 онд ивэрхийтэй гэж оношлогдож, мэс засал хийлгэж байжээ.

Э.Мягмарсүрэн

相关新闻