Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийг ирэх сарын 1-нээс мөрдөж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-03-30 17:16:07

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Саранчимэг нар олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн үйл ажиллагааны нээлтэд оролцож, үг хэллээ.


Хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа нийслэл, аймаг, дүүргийн харьяа төр болон хувийн хэвшлийн байгууллагын  нийт 2500 гаруй эмч, эмнэлгийн ажилтны төлөөлөл уг арга хэмжээнд оролцжээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ, эрүүл мэндийн салбарын бүтэц, тогтолцооны өөрчлөлт, бодлогын шинэчлэлээс танилцуулж, тулгамдаж буй асуудлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зорилтот санаачилгаас дурдлаа.


УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, эрүүл мэндийн салбарт тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд хамтын санал, санаачилгад тулгуурлан хэрэгжүүлж буй зарим бодлогын шийдвэрээс дурдлаа. Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байгаа бөгөөд иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал байгааг хэлэв.

Манай улсын 15-69 насны 3 хүн тутмын нэг нь, 45-69 насны 2 хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс даруй 10 шахам жилээр бага байна. Энэ цаг үед Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг баталсан нь нэн ач холбогдолтой байгааг хэллээ.


Олон улсын эмч нарын өдөрт зориулсан уг хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен нарын хамт Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт гардуулав. Уг хуулиар:

  • хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох,
  • бүх нийтээр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх,
  • эрсдэлт хүчин зүйлсийг арилгахын тулд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах юм.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хууль нь ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

相关新闻