О.Мөнхгэрэл Монгол Улсын “Оны тэргүүний багш”-аар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 15:06:22

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн  440 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан   “Улс, аймаг, нийслэлийн “Оны тэргүүний багш” шалгаруулах болзол,  түүнийг дүгнэх аргачлал”-ыг үндэслэн  жил бүр “Оны тэргүүний багш” шалгаруулж хүүхэд бүрийг хөгжүүлж буй сургалтын хөтөлбөрийг олон нийтэд сурталчилдаг билээ.

Энэ жил Дорнод аймгийн Хэрлэн сумын 12  дугаар сургуулийн бага ангийн багш О.Мөнхгэрэл нь болзлыг ханган, Монгол Улсын “Оны тэргүүний  багш”-аар шалгарлаа.  О.Мөнхгэрэл нь 1993 онд Дорнод аймагт багш бэлтгэх курс, 2003 онд Улаанбаатар хот дахь Улсын Багшийн Их сургуулийг “Бага ангийн багш-арга зүйч” мэргэжлээр бакалаврын зэрэг, 2005 онд МУБИС-ийн “Боловсролын удирдлага”-ын магистрт суралцаж тус тус төгссөн, улсад 20 дахь жилдээ багшаар ажиллаж байна. О.Мөнхгэрэл нэгж хичээлийн хөтөлбөрөө чанартай сайн боловсруулж, сүүлийн 2-3 жилийн хугацаанд туршиж хэрэгжүүлэн, багаар хамт олныг удирдан зохион байгуулж ажилласны үр дүнд тухайн хамт олон аймаг, улсын хэмжээнд тодорхой амжилтуудыг гарган, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжин, эцэг эхийн оролцоог ханган ажиллаж байна. Тухайлбал: 2013 оны Аймгийн оны шилдэг илтгэлийн уралдаанд “Ээлжит хичээлээр хүүхэд бүрийг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэл 1 дүгээр байр, улсын уралдаанд амжилттай оролцсон, Боловсролын чөлөөт хэвлэл Багш сонины 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Боловсролын шинэчлэлд –миний оролцоо”  шилдэг илтгэл шалгаруулах Улсын уралдаанд 3 дугаар байр, “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2014” сэдэвт эрдэм шинжилгээний  хоёрдугаар бага хуралд “Хичээлийг самбарын бичиглэлээр хөтлөх нь” сэдэвт илтгэл нь улсад шинэлэг санаатай  илтгэлээр шалгарч Япон улсад хичээлийн судалгааны  сургалтад хамрагдах эрхээр шагнуулсан. Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох Улсын анхдугаар зөвлөгөөнд хүн байгаль судлагдахууны “Тэнцвэрийн зүй тогтол” сэдвийг  Улаанбаатар хотын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 5б ангид зааж олны хүртээл болгосон.

Мөн даасан анги нь 2014 онд 5 дугаар ангиудын дунд зохион байгуулагдсан “Эрүүл мэнд” хичээлийн массын олимпиадад 2-р байр, аймгийн төрөлжсөн олимпиадын “Хүн байгаль- эрүүл мэнд” хичээлийн төрөлд сүүлийн 5 жилд тогтмол 1-3 байр, цахим хөтөлбөр боловсруулах уралдаанд багаараа сүүлийн 5 жилд 1-2 дугаар байр, 2012 оны бага боловсролын “Мэргэжлийн аварга багш”-аар шалгарсан байсан зэрэг олон амжилтуудыг үндэслэн 2015 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс томилогдсон комисс ирж, ажил байдалтай нь танилцан, улмаар 2015 оны Монгол Улсын “Оны тэргүүний  багш”-аар шалгаруулжээ.

Б.Туяа

相关新闻
注释