Газраа чөлөөлсөн иргэдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-02 12:25:19

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр нийт 35 хорооноос 28 хорооны иргэдтэй уулзаад байгаа бөгөөд өчигдөр 12, 14 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийв.  

Уулзалтын үеэр иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. “Моннис”, “Бүрд”, “Бэрэн”, “Цагаан хуаран”, “Зургаан талст” гэсэн таван компани 14 дүгээр хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх тендерт шалгарч, оршин суугчидтай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Гэвч гэрээнд заасан хугацаанд багтаж барилга ашиглалтад ороогүй, тэр ч бүү хэл барилгын ажил нь эхлээгүй компани ч байна.

Үүнээс гадна газраа чөлөөлж нүүсэн иргэдэд байр түрээслэх зардлыг зах зээлийн ханшаас доогуур тооцон, дээр нь 10 хувийн татвар суутган олгож байгаа нь бодит зардалд хүрэлцэхгүй, мөн төлбөрийг хугацаандаа хийхгүй байгаагаас иргэд хөлсний байрнаасаа хөөгдөх, алданги тооцуулах зэрэг хүндрэл үүсч байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан нийслэлийн Засаг дарга болон ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлага, иргэдийн төлөөллийг хамарсан уулзалт зохион байгуулж, эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой гарц олоход анхаарч ажиллана. Мөн нөхөн төлбөрөөс шимтгэл авч байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгуулна гэв. Тэрээр цааш хэлэхдээ, өөрсдийн амьдрах орчныг дээшлүүлэхээс гадна нийслэлийнхээ өнгө үзэмжийг сайжруулахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжсэн иргэдийг хохироож болохгүй, ямар ч тохиолдолд иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Тус хороонд 13 мянган оршин суугч бүхий 4179 өрх бүртгэгдсэнээс 1800 гаруй нь хашаа бүхий өрх байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 800 орчим нь дахин төлөвлөлтөд хамрагдан нүүжээ. Ж.Батзандан гишүүн өнөөдөр болон маргааш Налайх дүүргийн долоон хороонд ажиллаж, иргэдтэй уулзан, УИХ-аас баталсан хууль, хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийнхээ саналыг сонсоно.

Б.Туул

相关新闻
注释