Урагц хураалт 10 дугаар сарын 20 гэхэд дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 11:53:17

Ургац хураалтын багц мэдээ

Угтаалцайдам сумын 600 га-г мөндөр цохисон ч ургац алдаагүй

Төв аймгийн Угтаалцайдам суманд  9 сарын сүүлчээр орсон мөндөр 600 га үр тариа цохиж, нийт ургацынхаа 80 хувийг алдлаа гэсэн нь ташаа мэдээлэл юм.  

Өчигдөр  Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ХХАА-н байнгын хорооны дарга С.Батболд нараар ахлуулсан ажлын хэсэг тус суманд очиж ажиллаад, хоёр компани, нэг иргэний 500 гаруй га-д мөндөр цохисон ч энэ хэсгээс ургац бүрэн алдаагүй, га-гаас 12-13 центнер авах байсан нь 5-6 центнерээр буурсныг тогтоожээ. Ажлын хэсгийн гишүүн, аймгийн ХХААГ-ын дарга Л.Даваасүрэнгийн хэлснээр Угтаалцайдам  сум 14 мянган га-д үр тариа тарьж, 10 мянга орчмыг нь хураагаад байна.

Намрын ногоон өдрүүдэд долоон сумын 6 аж ахуйн нэгж, 8 иргэн оролцож байна

Эх оронд үйлдвэрлэсэн бүхнээс чанартай, найдвартайг нь онцолж, нэг дороос хэрэглэгчдэд хүргэдэг “Намрын ногоон өдрүүд 2015” үзэсгэлэн яармаг Улаанбаатар хотын Мишээл экспод болж байна. Энд аймаг орон нутгаа төлөөлж, зургаан аж ахуйн нэгж, найман иргэн шилдэг, шилмэл бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Алтанбулаг, Баянцогт, Борнуур, Жаргалант, Баянчандмань, Эрдэнэ, Зуунмод сумын  төмс, хүнсний ногоо, аарууд, цагаан идээ, жимс жимсгэнэ, зөгийн бал, зэрэг нь  хотынхны итгэлийг хүлээж, хурдан борлож байгаад  оролцогчид ам сайтай байна. Орон нутгийнхаа онцлогийг шингээсэн, брэнд бүтээгдэхүүнийг улс орон даяар сурталчлах, үйл ажиллагаа ирэх сарын 5 хүртэл үргэлжлээд шилдгүүдээ шалгаруулна.

Үр тарианы хураалт 11,4 хувьтай байна

Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн 9 сарын 28-ны мэдээгээр нийт үр тарианы 11,4 хувь буюу 6100 гаруй га-д хураалт хийжээ.  Үүний 4115 га-г  нь ангилж, 2130 га-г нь цайруулсан байна. Энэ жил аймгийн хэмжээнд үр тариа 84331 га-д тарьж, га-гаас ойролцоогоор 10 центнерийг авна гэж тооцвол 50-60 мянган тн ургац хураах төлөвтэй байна. Угтаалцайдам, Жаргалант, Заамар, Цээл, Аргалант, Эрдэнэсант зэрэг сум үр тарианы тариалалтыг их хэмжээгээр буюу 7300 -16500 гад  тарьсан бол Баяндэлгэр,  Борнуур, Баянчандмань, Сүмбэр, Баянцогт, Баянхангай, Архуст зэрэг сум 300-6000 орчим га-д харьцангуй бага  тариалалт хийжээ. Энэ зун цаг хүндэрсний улмаас 15500 орчим га-гаас ургац алдаж, 9943 га-г тэжээлд шилжүүлжээ. Гэхдээ буудайн чанар сайн байгааг тариаланчид хэлж байна. 9 сарын сүүлчээр орсон бороо ургац хураалтыг долоо хоногоор саатуулж, 10 сарын 20-ны дотор дуусах төлөвтэй байна.

Хүнсний ногооны хураалт 80 хувь байна

Энэ жил аймгийн хэмжээнд хүнсний ногоо 570 га-д тарьж, 80 хувь, төмс, 4288 га-д тарьж, 3 мянган га-гаас 35 мянган тонныг авч, ургац хураалт 60 гаруй хувь байна. Ган гачгийн улмаас 100-аад га-гаас ургац алдсан. Хүнсний ногооны хувьд га-гаас 100,9 центнер бол төмс 117,8 центнер байна. Одоогийн байдлаар Бүрэн, Заамар, Баян, Мөнгөнморьт, Өндөрширээт, Эрдэнэсант, Цээл, Угтаалцайдам сум төмс, хүнсний ногооны хураалт  80-100 байгаа бол, Алтанбулаг, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянхангай, Баянчандмань, Зуунмод, Жаргалант, Сүмбэр суманд 4,8-73,1 хувь байна. Энэ төрлийн ногоог Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Цээл Баянчандмань зэрэг сум 115-2407 га-д тарьсан бол Зуунмод, Дэлгэрхаан, Бүрэн, Баянжаргалан, Эрдэнэ сум 2-31 га-д харьцангуй бага тариалалт хийжээ.

Ш.Шүрэнцэцэг

相关新闻
注释