ОХУ-ын агаарын цохилтод энгийн иргэд амиа алдсан гэж буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-01 16:29:18

ДАМАСК. /NHK/. Сирид өгсөн ОХУ-ын агаарын цохилтод энгийн иргэд өртөж, амиа алдсан гэж Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчний тэргүүн ОХУ-ыг буруушаав.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын терроризмтой тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор ОХУ Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд өчигдөр агаараас цохилт өгсөн билээ.

Сирийн төв нутагт өгсөн ОХУ-ын агаарын цохилтод 36 хүн амиа алдсан бөгөөд тэд бүгд энгийн иргэн байсан гэж Өрнөдийн дэмжлэгтэй Сирийн Үндэсний эвслийн тэргүүн Халед Хожа мэдэгджээ.

“Лалын улс” ч гэлтгүй босогчдын бусад бүлэглэл тухайн газар нутагт байгаа бөгөөд Асадыг эсэргүүцэгчид рүү ОХУ халдаж, түүний эрх мэдлийг хамгаалах зорилгоор уг ажиллагааг явуулж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Агаараас цохилт өгөх ОХУ-ын ажиллагаа Сирийн иргэний дайныг дэврээх вий гэдэгт санаа зовж буйгаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер өчигдөр илэрхийлсэн.

ОХУ-ын агаарын цохилтод энгийн иргэд өртөж, амиа алдсан гэсэн мэдээлэлд ОХУ хариу тайлбар хийгээгүй байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдсэнээр, зөвхөн “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэх зорилгоор Сирийн Засгийн газрын хүчинтэй ОХУ хамтран ажиллаж байгаа ажээ.

ОХУ-ын ажиллагааны АНУ тэргүүтэй эвслийн ажиллагаанаас ялгаатай нь Сирийн хууль ёсны Засгийн газрын хүсэлтийн дагуу, олон улсын хуулийн хүрээнд явагдаж байгаа гэдгийг тэрбээр онцолсон байна.

Д.Нямтулга

 

相关新闻
注释