Өвөрхангайн зохиолчид 60 жилээ тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 13:51:59

Өвөрхангай аймгийн Утга зохиолын нэгдэл үүсэн байгуулагдаад 60 жилийн нүүр үзэж байна. Болор цомын эзэн Б.Ичинхорлоо, Л.Моломжамц гээд олон авьяаслаг яруу найрагчдыг төрүүлэн гаргасан “Арвайн хүрээ” нэдлийнхэн түүхэн ойгоо томоохон ажил үйлсээр угтаж байгаа юм.

Тухайлбал тус нэгдлээс төрөн гарсан нэр бүхий уран бүтээлчдийн тухай цуврал хөрөг нийтлэл, нэвтрүүлгүүдийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэвтрүүлж, шүлэг, утга зохиол сонирхогч хүүхэд, залуусыг нэгтгэсэн дугуйлан ажиллуулж байгаа ба Утга зохиолын нэгдэлд байсан зохиолч, сэтгүүлч нар долоо хоног тутамд уулзаж утга, уран зохиолыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Мөн хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Өвөрхангайн өсвөрийн яруу найрагч хүүхдүүдтэй уулзаж, шүлэгтэй нь танилцан зөвлөгөө өгсөн бол Утга зохиолын нэгдлийн гишүүд бүх сумдаар тойрч уншигч, зохиолчдын уулзалтыг зохион байгуулж байна. Ойн хүрээнд Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит яруу найргийн наадмыг 11 сард улсын хэмжээнд зохион байгуулах юм. Уг наадам нь Болор цом наадамтай тэнцэхүйц өргөн хүрээнд болох ба цаашид жил бүр зохиогдох төлөвлөгөөтэй байгаа аж.

Утга зохиолын нэгдлийн үүсч байгуулагдсаны түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Монголын Зохиолчдын Эвлэл, Өвөрхангай аймгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагч, сэтгүүлчид томоохон тус дэм болж байгааг нэгдлийн тэргүүн, зохиолч, сэтгүүлч На Пүрэв хэлж байлаа.

Б.Батчимэг

相关新闻
注释