МАН-ын бүлэг цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-01 13:48:20

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр намрын чуулганы эхний хуралдаанаа хийж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийв.

Бүлгийн дарга С.Бямбацогт “Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлийн талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх, Ерөнхий сайдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой хийх мэдээллийн талаар ярилцсан.

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барихыг хязгаарласан дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан. Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал УИХ Засгийн газрын гишүүдийг томилчихоод тухайн хүнтэйгээ хариуцлага тооцож чаддаггүй болох жишиг тогтохоор байна. Муу ажиллаж байгаа нэг сайдтай хариуцлага тооцож болдоггүй, түүний өмнөөс сайн ажиллаж байгаа бусад сайд, Ерөнхий сайд хариуцлага хүлээдэг жишиг тогтоох нь буруу. Цаашдаа энэ байдлаар явбал төрийн тогтворгүй байдал улам даамжирна.  Зөвхөн сайд нарын асуудал дээр бус Монголбанкны ерөнхийлөгч, АТГ-ын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, дээд шүүгч гэх мэт төрийн өндөр албан тушаалтнуудыг УИХ-аас томилдог. Эдгээрт УИХ эргээд хариуцлага тооцох тогтолцоо алга болно. Иймээс Үндсэн хуулийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна” гэлээ.

Мөн МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэсний дараа бүлгээрээ дахин хэлэлцэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн 2016 оны төсөв хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Ажлын хэсэг гаргаж Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, цаашдийн төлвийг судлах болжээ.

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “2015 оны улсын төсөвт цалин тэтгэвэрийг нэмэхэд 90 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл энэ нэмэгдлийг эрх баригчид өгөөгүйгээр барахгүй ирэх оны төсөв рүү шилжүүлэх юм ярьж байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед цалин, тэтгэвэр нэмэхгүй байснаар иргэдийн худалдан авах чадварыг бууруулдаг. Ингэснээр аж ахуйн нэгж, компаниуд дампуурах сөрөг нөлөө үзүүлтэй. Үүнээс үүдэж ядуурал бий болно. Хамгийн зөв оновчтой шийдэл нь цалин, тэтгэвэрийг нэмэх юм. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж, компаниуд дампуурлаас гарах боломжтой болно. Төсөв хэлэлцэх үеэр энэхүү саналуудаа Засгийн газарт хүргүүлэх болно” гэлээ.

Ч.Ариунболд

相关新闻
注释