Б.Болор: Ирэх оны төсөв дэд сайдгүй байхаар орж ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-01 13:42:23

Сангийн яамнаас удахгүй ирэх оны төсвийг өргөн барих бөгөөд 1.2-1.3 их наяд төгрөгийн таналттай төсөв өргөн барих гэж байгаа аж. Мөн энэ долоо хоногт энэ оны төсвийн тодотголыг өргөн барих ба төсвийн тасалдал 700 орчим тэрбум төгрөг хүрсэн учраас энэ хэмжээгээр төсвөө танаж байгаа гэнэ. Энэ талаар Сангийн сайд Б.Болороос тодрууллаа.

-Энэ оны төсвийн тодотгол дээр ямар зардал  танаж байна вэ?

-Тодотголоо маргааш өргөн барина гэж төлөвлөж байна. Ер нь төрийн данхар бүтцийг багасгах төсөв өргөн барина.

-2016 оны төсвийг 1.2-1.3 их наяд төгрөөр танаж өргөн барьж байгаа гэсэн. Ямар зардлаас танаж байгаа вэ?

-Эхний ээлжинд агентлагуудаа цөөлнө гэж ярьж байгаа. Яам цөөлнө гэхээр засаг бужигнах нөхцөл байдал үүснэ. Энэ нь өнөөдөр Монгол Улсад хэрэггүй. Тиймээс ирэх жилийн сонгуулийн дараа бүр цомхон бүтцээр явъя гэсэн хуулийн төсөл оруулж ирж байгаа.

-Эхний ээлжинд ямар агентлагуудыг татан буулгах вэ. Хэдэн агентлаг татан буулгахаар ярьж байгаа юм бол?

-Одоо яг хийж байна. Тиймээс яг тэр энэ гэж хэлэхэд хэцүү. Нөгөөтэйгүүр хуулийн төсөл өргөн бариагүй, шийдээгүй байж тэр агентлагуудыг татан буулгана гээд хэлчихээр тэнд ажиллаж байгаа хүмүүст хэцүү шүү дээ. Ямар ч байсан 2-3 агентлаг татан буулгана. Заримыг нь нэгтгэнэ.

-Сонгуулийн дараа яамдын тоог цөөлнө гэж байна. Хэдэн яамтай байхаар тооцож байна вэ?

-Есөн яамтай байхаар ярьж байна.

-Яамдын тоог хасч байна. Харин дэд сайдын албан тушаал байх уу?

-Ирэх оны төсвийг дэд сайдгүй байхаар хийж байна. 

Б.Туул

相关新闻
注释