“Боловсрол төгөл” байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 15:19:44

Сэлэнгэ аймгийн БСГ-аас Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг угтан зохион байгуулж байгаа томоохон ажлын нэг бол “Боловсрол төгөл” байгуулж буй явдал юм.

Сэлэнгэ аймгийн БСГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, бүх сумдын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтан бүр мод тарих, тарьсан модоо нэг бүрчлэн арчилж ургуулах, сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Боловсрол төгөл” аяныг Сэлэнгэ даяар энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд оролцож өөрийн гараар мод тарьсан аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:”Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөн Сэлэнгэ аймаг даяар өрнөж байна. Ургах ёстой ургамал бүхэн манай Сэлэнгэд л ургах ёстой. Энэхүү ургаж байгаа зүйлийн ард хүний уйгагүй хөдөлмөр, сэтгэл байх ёстой. Энэ намрын “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөнийг манай аймгийн сургууль, цэцэрлэг, багш, ажилчид, дэмжин өөрсдийн цалингаасаа хандив нэмэрлэлээ. Дээр нь аймгаас зохион байгуулаад мод тарих ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Үүгээр бид нэгдүгээрт ногоон байгууламжаа нэмэгдүүлье. Хоёрдугаарт бидний хотоо ногоон болгох энэ ажил маань зөвхөн уриа лоозун, байгууллагын хариуцсан ажил биш юм аа. Хүн бүр сэтгэл, зүтгэлээ гаргах юм бол цаашид улам өргөжинө. Иймээс харицсан байгууллага бүр маш сайн тордож, намар тарьсан модоо хавар ургуулахад анхаарч, өөрсдийн гараар бүтээсэн ногоон байгууламжиндаа анхаарал тавьж ажиллахыг анхааруулая. Цаашдаа ч багш нарын энэ үйл ажиллагааг дэмжиж бусад байгууллагууд оролцоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэлээ хуваалцлаа.

Ийн аймаг даяар өрнөж байгаа “боловсрол төгөл” байгуулах ажлаас сургуулийн хүүхдүүд маань хоцорч үлдсэнгүй. Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 2-р сургуулийн 7-р анийн хүүхдүүд гар бие оролцлоо. Тэд “бид өнөөдөр зэрлэг зулгааж, мод тарьж, усалсан. Бас бордоо авчирч бордсон. Охидууд усалж байгаа. Бидний амьдарч байгаа энэ хот маань хоггүй, цэвэр цэмцгэр, гоё ногоон байгууламжтай байхыг хүсдэг” хэмээн хэлэв. Тус арга хэмжээг түүчээлж эхлүүлсэн аймгийн БСГ-ын дарга Д.Загдгочоо:” Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Манай Сэлэнгэ аймгийн хувьд багш нарын өдрөө нийгмийн сайн үйлсийн төлөө ажил аянуудаар угтаж байна. Энэ удаагийн Монголын багш нарын 49 дэх өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн багш сурган хүмүүжүүлэгчид, сургалтын байгууллагууд аймаг даяараа хоёр аяныг идэвхитэй зохион байгуулсан. Нэгдүгээрт “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний хүрээнд аймгийн бүх сургууль, цэцэрлэгүүд сум орондоо мод тарих санаачлагыг дэмжин ажиллаж байна. Хоёрдугаарт хүүхэд багачуудынхаа сурч боловсрох үйл ажиллагааг дэмжиж, амьдралын боломж муутай нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн санааны хандивын аян зохион байгууллаа. Өнөөдрийн энэхүү мод тарих ажилд манай багш нар манлайлан гар бие оролцож байна. Энэхүү ажлыг аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, компаниуд, хувь хүмүүс дэмжин тал талаасаа хамтран ажиллалаа. Өнөөдөр Сүхбаатар суманд 1300 орчим мод тарьсан. Сүхбаатар сумын хэмжээнд боловсролын салбарт ажиллаж байгаа 550 орчим ажиллагсад хүн тус бүр хоёр хоёр модыг өөрсдөө худалдан авч хотоо ногоон болгох ажилд оролцлоо. Мөн “Боловсрол төгөл” байгуулахаар аймаг даяар өрнөж байгаа энэ өдрийн арга хэмжээнд бусад 16 сум, 6 тосгоны боловсролын салбарынхан маань нэгэн зэрэг оролцлоо” хэмээлээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

相关新闻
注释