Төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-30 12:47:31

МАХН-аас Орон нутгийн ИТХ-д сонгогсдсон төлөөлөгчдийн зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ц.Оюунбаатар нар оролцов.

МАХН хүний эрхийг дээдлэхэд орон нутаг, төрийн дээд байгууллага хичээнгүйлэн ажиллах зарчим баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Хэрэглэгчдийн зөвлөл” юм. Энэхүү зөвлөл хүнсний эрүүл ахуйгаас эхлээд бүх бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлд хяналт тавих 10 хүний бүрэлдэхүүнтэй баг юм. Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэхүү зөвлөлтэй хамтран ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал манай нам төдийгүй Монгол төрийн нэр хүнд өсөх болно хэмээн Шадар сайд Ц.Оюунбаатар зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд зөвлөгөөнд оролцогчдод хандан төрийн үйлчилгээг 3 сая иргэнд тэгш, хүртээмжтэй байлгахын тулд ИТХ-ын төлөөлөгчид хичээнгүйлэн ажиллахыг уриалав.

Түүний дараа ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд Шийдлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газар хагас жил тутамд УИХ, Ерөнхийлөгчийн шийдвэрүүд болон Засгийн газрын шийдвэрт мониторинг хийдэг аж. Тус судалгаагаар Засгийн газрын мөрийн хөтөлбрийн биелэлт 63.6 хувьтай байна гэсэн дүн гарчээ. Тухайлбал, “Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөр” 50 хувь, Ноос, ноолуур, арьс ширний чиглэлд хэрэгжүүлэх бодлого 53 хувь, Уламжлалт мал аж ахуй, мах сүүний чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын биелэлт 65 хувьтай байна. Мөн Өндөр технологи, нано болон мэдээллийн технологи хөгжүүлэх бодлого 60 хувийн биелэлттэй үргэлжилж байгаа аж.

Шийдлийн Засгийн газар "Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг" гэсэн зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр Засгийн газар эдийн засагт учирч буй сөрөг нөлөөг багасгах, ДНБ-ний өсөлтийг эерэг байлгах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тухай Г.Ганболд дарга мэдээллээ.

Тэрбээр, ҮСХ-ноос 2015 оны эхний хагас жилд Монгол Улсын ДНБ-ий өсөлт 3.2 хувь, инфляци 6.5 хувьтай байна гэсэн судалгаа гарсан.  Дэлхийн банкаас 2016 оны Монгол Улсын эдийн засаг 2.3-3 хувийн өсөлттэй байна гэсэн тооцоолол хийсэн.

Шийдлийн засгийн газар байгуулагдаад жил хүрээгүй. Энэ хугацаанд шинэ зорилт дэвшүүлэхээс илүүтэй 2012 онд байгуулагдаж байсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хөгжүүлэх зорилт тавьсан. Мөн улс орны эдийн засагт сайнаар нөлөөлөх Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайд мэдээлж байсан. Одоо Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хийхээр бэлтгэл ажлаа эхлээд байна.

Түүнчлэн Ерөнхий сайд Тавантолгой төслийн гэрээ, хэлэлцээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох албаны хүмүүст чиглэл өгсөн

Өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан,  тариалан хураах зэрэг бусад асуудлууд хувиарын дагуу үргэлжилж байна” гэлээ.

Зөвлөгөөн өнөөдөр 18 цагт өндөрлөх бөгөөд тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэлэх юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻
注释