БНХАУ-ын Засгийн газраас таван ахмад дайчныг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-29 16:17:37

БНХАУ-ын дарга Си Зиньпины зарлигаар Монголын таван ахмад дайчин энгэрээ мялаалаа.

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас 1939, 1945 оны дайнд оролцсон Г.Хэнгэрэг, Г.Батмөнх, Ж.Үнэнбат, Л.Данзан, В.Аюурзана нарын 5 ахмад дайчинд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль олгосноо өчигдөр гардуулав. Ойн медаль гардуулах ёслол  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болсон бөгөөд Батлан хамгаалах яамны дэд сайд А.Баттөр, Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нарын удирдлагууд, ахмад дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминь манай ахмад дайчдад ойн медаль гардуулахдаа “Монголын ард түмэн энэ дайны ялалтад зохих хувь нэмрээ оруулсныг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй. Хоёр улсын ард түмний найрсаг харилцаа бат байхыг хүсч, ахмад дайчин та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье” гэлээ.

Харин Батлах хамгаалахын дэд сайд А.Баттөр “Юуны өмнө Чөлөөлөх дайнд оролцсон манай ахмадуудад өндөр дээд шагнал гардуулж байгаа БНХАУ-ын Засгийн газар, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд талархал илэрхийлье. Бидний зүгээс ахмад дайчиддаа анхаарал хандуулж орон сууцаар хангах, тэтгэвэр тэтгэмж олгох гээд олон ажлыг зохион байгуулсан. Чөлөөлөх дайнд Монгол Улс оролцсон явдал мөнхийн хөрш Хятад улсаа дэмжсэн,  манай хоёр орны түүхэнд гарсан хамгийн гэрэл гэгээтэй үе байсан. Энэ цаг үед ч ялалтын ойг хоёр талдаа өргөн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ" гэсэн юм.

Ойн медалийг ахмад дайчдаас гадна БНХАУ-ын Бээжин хотын талбайд цэргийн ёслолын жагсаалд ёслол төгөлдөр оролцсон Монголын 80 гаруй дайчинд гардуулсан юм.

Б.Туул

 

相关新闻
注释