Яагаад сүмо бөхийн соёл хямрав?

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-09-29 15:50:14

БЕРЛИН. /Highsnobiety/. Сүмо нь зүгээр нэг спорт биш гэдгийг бид мэднэ: энэ бол Японы өнгөрсөн үед нягт сүлжилдсэн уламжлалуудын цогц юм. Японы үндэсний спорт болох сүмод сүүлийн үед томоохон өөрчлөлт гарснаар уг спорт хямралд ороод байна.

Одоо дэлхийд алдартай долоон сүмочийн гурав нь япон, бусад нь гадаадын иргэд. Үүгээр зогсохгүй, тэр долоогийн гурав нь ёкозүна бөгөөд бүгд монгол. 1749 оноос хойш 71 бөх ёкозүна цол хүртсэн байдаг. Харин одоо дэлхийд ёкозуна цолтой япон бөх байхгүй. 1998 оноос хойш япон бөх уг цолонд хүрээгүй аж.

Яагаад эртний, ариун спорт “Гайжин” буюу гадаадын иргэдийн дайралтад өртөв? Хариулт нь дуулиан шуугиан, шударга бус явдал болон харгис хэрцгий аллагатай холбоотой.

Дэлхийн II дайны дараа гадаадын бөхчүүдийг сүмод барилдахыг зөвшөөрсөн байдаг ч 1980 оноос хойш л япон бус сүмочдын урсгал нэмэгдсэн билээ. Тэдний дийлэнх нь бөхөөрөө бахархдаг Хавай, Самоа, Монгол улсаас иржээ.

Гадаад бөхчүүдийн тоо нэмэгдэж байгаа шалтгааныг нэг талаар ингэж тайлбарлаж болно: Японд шинэ залуу бөхчүүд цөөн байна. Сүмоч болоход асар их хичээл зүтгэл, сахилга бат шаардлагатай. Маш хатуу дэг журам, ялангуяа, залуу бөхчүүдэд ихээхэн нөлөөлдөг ажээ.

Сүмогийн бэлтгэлийн хатуу үе шатыг туулж эхэлсэн залуу бөхчүүд заримдаа шантарч, гэр орноо санагалзах нь бий. Гэхдээ энэ нь залуу бөхчүүд спортоо хаях нийтлэг шалтгаан биш юм. Дээд цолонд хүрэхийн тулд сэтгэл санаа болон бие бялдрын дарамтыг хүлээн авч чадалгүй явдаг залуус цөөнгүй байдаг. Нэг гунигтай дуулиант хэрэгт, хэтэрхий их дарамтад орсон залуу бөх бэлтгэлийн байраа орхин зугтсан боловч баригдаж, үхтлээ зодуулжээ. Түүнийг бэйсболлын хөнгөн цагаан цохиур болон шар айрагны шилээр зодохыг багш нь үе тэнгийнхэнд нь тушаасан бөгөөд энэ аймшигтай байдал хоёр өдөр үргэлжилсэн байна.

Энэ нь магадгүй сүмогоор хичээллэх япон бөхчүүдийн тоо буурахад нөлөөлсөн байж болох юм. Сүмо нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг эсвэл бие даасан шийдвэр гаргахыг таашаадаггүй эртний хатуу дэг жаягтай спорт юм.

Гэхдээ сүмо нь томоохон бизнесийн талбар бөгөөд ивээн тэтгэгчид ихээхэн оролцдог. Амжилттай барилдаж яваа сүмочид их хэмжээний мөнгө авдаг. Гэсэн хэдий ч бүх мөнгийг хуу хамдаг аваргын төлөө өрсөлддөг япончуудын тоо улам бүр цөөрсөөр буй. Хэн энэ их мөнгийг аваад байна? Мэдээжийн хэрэг, гадаадын бөхчүүд.

Сүмогийн дэвжээг гадаад бөхчүүд эзэгнэдгийн хамгийн тод жишээ бол Монголын бөх Асашёрюү юм. 182 см өндөр, 145 кг жинтэй ёкозүно нь сүмогийн бүх цаг үеийн хамгийн агуу бөхчүүдийн нэг юм. Тэрбээр 11 жил сүмод барилдахдаа зөвхөн тэмцээнүүдэд ялсан төдийгүй өрсөлдөгчдөө аль ч талаараа давж дарж байсан юм. Тэрбээр Японы хамгийн том тэмцээн болох сүмогийн нэг жилийн зургаан башёд дараалан түрүүлсэн цорын ганц бөх юм. Дахин давтагдашгүй амжилт гаргасан хэдий ч тэрбээр сүмогийн ертөнцийн хэл амны бай болж байсан билээ. Дэвжээн дээрх үгүйсгэхийн аргагүй чадвар болон дэвжээний гадна гаргадаг зан байдал хоёрын зөрчилдөөн эцсийн дүнд түүнийг зодог тайлахад хүргэсэн юм.

Япон “Хинкаку” гэдэг үг бий. Үүнийг “сүр хүч, алдар хүнд, ёс зүй” гэж тодорхойлж болно. Эдгээр нь тамирчдын хувиар элч төлөөлөгч эсвэл нэр хүнд бүхий хүмүүс байдаг бөгөөд сүмочид, ялангуяа, ёкозүно цолтнуудын гол тодорхойлолт юм. Гэвч шулуухан хэлэхэд, Асашёрюүгийн хинкаку замбараагаа алдаж, Японы хөгжөөн дэмжигчид болон хуучинсаг үзэлтэй сүмогийн холбоо түүнийг үзэн ядах болсон.

Асашёрюү уух дуртай. Мөн дэвжээнээс гадуур олны анхаарлыг татаж, арга хэмжээнд оролцохдоо уламжлалт ёслолын хувцас өмсөхийн оронд костюм өмсөх болсон байна. Цаашлаад, тэрбээр шагналын мөнгийг зөв гараараа авдаггүй, шүүгчдэд хүлээцтэй ханддаггүй зэрэг дэвжээн дээр заагдсан зан үйл, ёс зүйг дагаж мөрддөггүй байсан. Мөн тэрбээр шартсан байдалтай ирж барилдаад өрсөлдөгчөө ямар ч тохиолдолд ялдаг. Тэрбээр нэг удаа бэртлийн улмаас барилдаж чадахгүй гэж байсан боловч Монголд хөл бөмбөгийн буяны тэмцээнд тоглож байсан зураг нь гарч байсан билээ. Үүнийг нэг үгээр хэлбэл, Асашёрюү дэмжигчдийнхээ хүндэтгэлийг алдсан юм.

Түүний ийм байдал Японы бөхчүүдийн хувьд санаанд оромгүй зүйл бөгөөд Японд байр сууриа олж, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн гадаад бөхчүүдийн хувьд бүр ч муугаар нөлөөлөх байсан биз. Үүгээр ч дуусахгүй, түүний дэггүй зан Токио хотын рестораны гадна дэвэрч, зөөгчийн хамрыг хугалсан. Ингэснээр тэвчээрийн хязгаар барагдсан билээ. Ялалт болон ялагдалд сэтгэлээ барьж байхыг бөхчүүдээс шаарддаг сүмогийн холбоо Асашёрюүгийн ёкозүно цолыг хүчингүй болгоход бэлэн байлаа. Гэвч тэрбээр цолоо хураалгахаасаа өмнө зодог тайлахаа мэдэгдсэн билээ.

Уг спортод Асашёрюү аварга дангаар ноёрхож байгаагүй бөгөөд тэрбээр олны анхаарлыг Монголын ёкозуно Хакухотой /хоёрдугаарт жагсаж байсан/ хуваалцах болсон. Сүмогийн дэвжээн дээрх хоёр аваргын өрсөлдөөн Асаршёрюү аваргыг зодог тайлснаар төгсгөл болжээ.

Хоёр аварга хоорондын ялгаа их сонирхолтой. Гартаа гранат бариад дэлбэлэхээр хүлээж байгаа мэтээр Асашёрюүгийн зан байдлыг төсөөлж болох бол залуу бөх Хакухогийнхийг боржин чулууг мөсөөр сийлж байгаа мэтээр /түүний дотоод сэтгэлийг мэдэхэд хэцүү/ төсөөлж болно. Асашёрюү аваргын барилдаанд балмад хүч илүү зонхилдог бол Хакухогийнх илүү техниктэй. Тэрбээр өрсөлдөгчдөө мушгих төдий л мэх хийж дэвжээнээс гаргах нь бараг балетын үзүүлбэр мэт харагдана. Энэ нь Хакухо бяр багатай гэсэн үг биш. Тэрбээр 189 см өндөр, 154 кг жинтэй юм.

Хакухогийн карьер эхлэх үед түүний зан байдал эвдрээгүй байсан бөгөөд ялах болон ховорхон тохиолдох ялагдахдаа ч тэрбээр сэтгэлийн ямар нэг хөдөлгөөн гаргадаггүй. Тэрбээр нэг удаа, “Дэвжээнд гарахдаа өөрийгөө япон хүн мэт санадаг гэж хэлж байсан. Тэрбээр хэдийгээр япон хүн биш ч ингэж хэлснийх нь төлөө япончууд түүнд татагдсан. Гэвч 2013 оны 11 дүгээр сард бүх юм өөрчлөгдсөн билээ. Учир нь дүрмийн бус түлхэлттэй холбоотой асуудлаар Хакухогийн бэлтгэлийн багш Японы сүмо бөхийн холбоонд дуудагдаж байсан. Хакухо хориотой үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүний энэ үйлдэл олон үзэгчийг дургүйцэхэд хүргэсэн боловч Хакухо ямар нэг гэмшсэн байдал гаргаагүй байна.

Хамгийн сүүлд 2015 оны нэгдүгээр сард Хакухотой холбоотой хэрэг мөн олны анхаарлыг татсан. Тэрбээр мөн сард 33 дахь түрүүгээ авч, 44 жил эвдэгдээгүй домогт Тайхо аваргын дээд амжилтыг эвдсэн. Тэрбээр ялалтаа тэмдэглэн өглөөний 07:00 цаг хүртэл уусан байна. Дараагийн өдөр тэрбээр хэвлэлийн бага хурлаас хоцорсон бөгөөд түүнийг “архи үнэртүүлсэн байсан” гэж тодорхойлжээ. Тэрбээр бас л буруугаа хүлээгээгүй байна.

Хакухогийн зүүсэн нууцлаг баг бага багаар хагарч байна. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд болон хөгжөөн дэмжигчид түүнээс нүүр буруулж байгаа бөгөөд энэ байдал газар авч Хакухо япончуудын итгэлийг алдвал тэд хэнийг бишрэн шүтэх вэ? Хакухогоос гадна Монголын хоёр ёкозүно байна. Тэдэнтэй хамгийн ойр яваа япон өрсөлдөгч 29 байгаа боловч сүүлийн үеийн барилдаанаас харахад тэдний статуст нөлөөлөх хүчтэй нэгэн алга.

Энэ спортод гадныхан давамгайлах ямар хүчин зүйл байна вэ? Өөр өөрийн гэсэн уламжлалт бөхийн спорттой орнуудын хүнд, хэцүү амьдралд өссөн олон бөх Японыг зорин ирж байна. Тэр дундаа, Монгол бөх хамгийн хатуу, чанга, зүтгэл шаарддаг. Дэвжээн дээр барилдахгүй бөгөөд дүрэм нь маш энгийн: ямар ч хамаагүй аргаар өрсөлдөгчөө унагах. Энэ нь сүмогийнхоос илүү тэвчээр шаарддаг юм.

Урьд нь өдөө орон нутгийн, ядуу, олон хүүхэдтэй айлаас бөх төрөх нь их байсан бол энэ хандлага сүүлийн үед өөрчлөгдөж, ам бүл цөөтэй, чинээлэг, хотод амьдардаг гэр бүлээс сүмоч төрөх болжээ. Товчхондоо, санхүү мөнгөний шаардлагагүйгээс сүмод орох залуучуудын тоо цөөрч байна.

Дээрх бүх хүчин зүйл сүмог хачин мухардмал байдалд оруулж байгаа бөгөөд АНУ-аас авсан Японы үндэсний спорт болох бейсболд гадныхан ноёрхож байгаагийн нэгэн адил тус улсын спортын бэлгэдэл болсон сүмод гадны бөхчүүд ноёрхож байна. Японы эртний уламжлал, ёс заншлыг хэдэн зууны турш агуулж ирсэн энэ спортоор Японы залуу үеийнхэн хичээллэхгүй байгаа нь туйлын харамсалтай хэрэг болж байна гэж “Highsnobiety.com” цахим мэдээний хуудасны редактор Марк Эдвардс бичжээ.

Д.Нямтулга

相关新闻
注释