Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-25 15:56:11

АТГ-ын ажлын хэсэг энэ сарын 14-20-ны өдрүүдэд Багануур, Багахангай дүүрэгт авлигын эсрэг хууль тогтоомжуудын хэрэгжилтийн байдалтай танилцжээ. 

Уг ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, ИТХ, түүний ажлын алба, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагаас гаргасан шийдвэр, дүрэм, журам заавартай нэгбүрчлэн танилцаж, авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг зөвлөв.

Түүнчлэн “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-д тусгасан шалгуур үзүүлэлтийг хангах хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтын талаар заавар, дэмжлэг өгч арга зүйн удирдлагаар хангасан байна. 

Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг Багануур дүүргийн хэмжээнд нийт 383 хүнд зохион байгуулсан аж. Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулах чиглэлээр дүүргийн төрийн байгууллагын 30 албан хаагчийг оролцуулсан асуулт, хариултын АХА тэмцээнийг зохион байгуулжээ.

 

相关新闻
注释