Японы Спортын сайд хагас жилийн цалингаа улсдаа эргүүлэн өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-25 15:38:25

ТОКИО. /RIA Novosti/. Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, техникийн сайд Хакубун Симомура "Ёёги" хэмээх шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажилтай холбоотой дуулиан шуугианы хариуцлагыг хүлээхэд бэлэн гэдгээ харуулан сайдын хагас жилийн цалин болон шагналаа улсдаа эргүүлэн өгөхөөр болжээ. Уг цэнгэлдэх хүрээлэн нь 2020 онд Токио хотноо зохион байгуулах Олимпийн наадмын гол байгууламж болох юм.

Симомура улсад нийтдээ 900 мянган иен /7.5 мянган доллар/ эргүүлэн өгнө. Үүнд түүний парламентын гишүүний цалин хамаарахгүй байна. Түүнээс гадна өндөр албан тушаалын өөр хэд хэдэн түшмэл цалингийнхаа талыг эргүүлэн өгнө.

Олимпийн наадмын шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон дахь дуулиан шуугианы улмаас огцрох хүсэлтээ Ерөнхий сайд Шинзо Абэд өгсөн тухайгаа Симомура урьд нь хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Харин Абэ 10 дугаар сарын эхэн хүртэл буюу шинэ Засгийн газрын эмхлэн байгуулах хүртэл ажлаа үргэлжлүүлэхийг түүнээс хүссэн байна.

2020 онд Токиод болох зуны Олимпийн наадамд бэлтгэх асуудлыг хариуцсан сайдын огцрох гол шалтгаан нь шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй холбоотой дуулиан шуугиан болжээ.

Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын зардал бараг хоёр дахин нэмэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугих болсны улмаас барилгын төсөл болон төсвийг Олимпийн наадмыг зохион байгуулах хороо болон Засгийн газар наймдугаар сарын сүүлээр дахин хэлэлцэхээс аргагүйд хүрсэн байна.  2012 онд барилгын зардалд 130 тэрбум иен /1.08 тэрбум доллар/ гаргахаар төлөвлөж байсан боловч 2015 оны дундуур зардал 252 тэрбум иен /2.1 тэрбум орчим доллар/ болж нэмэгджээ. Барилгын төсвийг дахин хэлэлцсэний эцэст 155 тэрбум иен /1.29 тэрбум доллар/ хүртэл бууруулж чадсан байна.

2013 оны есдүгээр сард болсон Олон улсын олимпийн хорооны чуулганы үеэр 2020 оны Олимпийн наадмын нийслэл хотоор Токио хот сонгогдсон билээ.

Д.Жаргал

相关新闻
注释