Таван хамтлаг “Мартагдашгүй” тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-24 17:50:15

1990-ээд оноос эхлэн залуусын зүрх сэтгэлийг уран бүтээлээрээ эзэгнэсээр байгаа Монголын “Вoy band” хамтлаг нэгэн тайзнаа нэгдэж “Мартагдашгүй” хэмээх тоглолтоо толилуулахаар боллоо.

Тодруулбал, “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” хамтлагийн залуус ирэх сарын 9-нд “Улаанбаатар палас”-ын концертын танхимд ганцхан удаа тоглох юм. Тоглолтын талаар эдгээр хамтлагийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийв.

Монголын хөвгүүдийн хамгийн анхны хамтлаг нь “Сүнс” хамтлаг бөгөөд 1991 Эрдэнэт хотод байгуулагдаж байжээ. Үүнээс хойш бусад хамтлаг байгуулагдсан байна.

Тус тоглолтын продюсерээр “Титэм” хамтлагийн дуучин, ая зохиогч Л.Тайванбат ажиллаж байгаа бол найруулгыг “On&Off” продакшн хариуцаж байна. Л.Тайванбат хэлэхдээ, “Энэ тоглолтын нэрийг өгөхөөс өмнө маш их бодсон. Эдгээр таван хамтлаг нэгэн үе залуусыг байлдан дагуулж, поп урлагийн ертөнцөд өөр өөрийн орон зайгаа эзэлсэн “Мартагдашгүй” хамтлагууд учраас ийнхүү нэрлэсэн” гэв.

Тоглолтод хамтлаг бүр өөрсдийн шилдэг 5-8 шилдэг уран бүтээлээ хүргэх юм. Мөн тэд дуучин Л.Тайванбатын нэг уран бүтээлийг хамтдаа дуулахаар бэлтгэлээ базааж байгаа аж. Өмнө нь эдгээр хамтлаг нэгэн тайзнаа дуулж байгаагүй учраас жинхэнэ супер, өндөр түвшинд, зохион байгуулалт сайтай тоглолт болно хэмээв.

Энэхүү тоглолтын талаар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хэлэхдээ, “Олон жилийн өмнөөс мөрөөддөг байсан тоглолт маань өнөөдөр биеллээ олох гэж байгаад баяртай байна. Үнэхээр мартагдашгүй сайхан тоглолт болно. Хэдийгээр бид тус тусдаа хамтлагууд ч гэсэн энэ удаад нэгдэн, нягтарч гарын таван хуруу мэт болох ёстой. Ингэж байж үзэгчдийг байлдан дагуулсан, бут авсан тоглолт хийх учиртай” гэв.  Харин  “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, “Үзэгч олныг байлдан дагуулсан, тэдний дурсамжийг сэдрээх сайхан хайрын дуунууд эгшиглэх болно. Бид ч өөрийн уран бүтээлээсээ сонгож, хайрын сайхан дуунуудаасаа дуулна” хэмээсэн юм. “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар, “Тоглолтыг жүжигчилсэн хэлбэрээр найруулан тавина. Үзэгчиддээ зориулан олон сюрприз бэлдсэн байгаа” гэв.

Тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 40, 80 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд ирэх долоо хоногоос борлуулалтад гарах юм байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

 

相关新闻
注释